A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

НИК ХУВЬЦААТ КОМПАНИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

2002 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 2

Улсын Их Хурлын 2001 оны 10 дугаар тогтоолоор баталсан "Төрийн өмчийг 2001-2004 онд хувьчлах үндсэн чиглэл"-ийн 2.1.2 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилгоор "НИК" хувьцаат компанийн нийт хувьцааны төрийн эзэмшлийн хувийг хувьчлах бэлтгэлийг хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1. "НИК" хувьцаат компаниас 4 187 910 000 (дөрвөн тэрбум нэг зуун наян долоон сая есөн зуун арван мянган) төгрөгийн үнэ бүхий 7735 тонн нефтийн бүтээгдэхүүнийг 1 дүгээр хавсралт ёсоор Улсын нөөцийн газарт шилжүүлсүгэй.

2. Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, Төрийн өмчийн хороо (Л.ПҮРЭВДОРЖ)-нд даалгах нь:

а/энэ тогтоолын 1 дүгээр хавсралтад дурдсан 34850 шоо метр багтаамж бүхий нефтийн бүтээгдэхүүний агуулах, сав, тоног төхөөрөмж, байгууламжийн зах зээлийн үнийг мэргэжлийн үнэлгээний байгууллагаар үнэлүүлэн Улсын нөөцийн газарт шилжүүлж, "НИК" хувьцаат компанийн тусламжийн барааны болон татварын өрөнд суутган тооцсугай;

б/улсын нөөцийн нефтийн бүтээгдэхүүний үнэ 4 187 910 000 (дөрвөн тэрбум нэг зуун наян долоон сая есөн зуун арван мянган) төгрөгийг "НИК" хувьцаат компаниас Санхүү, эдийн засгийн яаманд төлөх тусламжийн барааны дутуу төлөлтийн өглөгт суутгал хийх замаар хассугай.

3. Төрийн өмчийн хороо (Л.ПҮРЭВДОРЖ)-нд даалгах нь:

а/Улсын нөөцийн газарт шилжүүлэх нефтийн агуулах, сав, тоног төхөөрөмж, байгууламжийн хэвийн ажиллах нөхцөлийг нь хангуулж, мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг гаргуулан комисст хүлээлгэн өгсүгэй;

б/энэ зүйлийн "а"-д заасан объектыг шилжүүлэх комиссыг Хүнс, хөдөө аж ахуйн яам, Үйлдвэр, худалдааны яам, Төрийн өмчийн хороо, Улсын нөөцийн газар болон "НИК" хувьцаат компанийн төлөөлөл оролцсон бүрэлдэхүүнтэйгээр байгуулж ажиллуулсугай;

в/энэ тогтоолын 2 дугаар хавсралтад дурдсан "НИК" хувьцаат компанийн илүүдэлтэй болон ашиглалтгүй байгаа хөрөнгийг худалдах, цаашид ашиглах бололцоогүй зүйлийг актлах, тэдгээрийг худалдсан орлогыг нефтийн бүтээгдэхүүний татан авалтыг нэмэгдүүлэхэд зарцуулах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу "НИК" хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд тавьж шийдвэрлүүлсүгэй.

4. "НИК" хувьцаат компанийн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хувьчлагдахын өмнө хийлгэхэд шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийн асуудлыг Дэлхийн банкинд тавихыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, Төрийн өмчийн хороо (Л.ПҮРЭВДОРЖ)-нд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН

Үйлдвэр, худалдааны сайд Ч.ГАНЗОРИГ

Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.НАСАНЖАРГАЛ