- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
2002 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 11
Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Улсын Их Хурлын 2001 оны 100 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1. Анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн шинэчлэлт, санхүү татварын мэдээ, тайлан гаргалтын чанарыг сайжруулах зорилгоор 2002 оныг улсын хэмжээнд "Бүртгэлийн ажлыг сайжруулах жил" болгон зохион байгуулсугай.
2. 2002 оныг "Бүртгэлийн ажлыг сайжруулах жил" болгож байгаатай холбогдуулан "2002-2004 онд бүртгэл хөгжүүлэх хөтөлбөр"-ийг 1 дүгээр, "Хөтөлбөрийг хэрэгжүүлэх зөвлөлийн бүрэлдэхүүн"-ийг 2 дугаар, хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг 3 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
3. Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаанд даалгах нь:
а/бүртгэл эдийн засгийн тулгамдсан асуудлыг хэлэлцэх үндсэн дээр нягтлан бодогч, санхүү, эдийн засгийн тэргүүний ажилтны улсын 3 дугаар зөвлөлгөөнийг 2003 оны 2 дугаар улиралд багтаан зохион байгуулсугай;
б/нягтлан бодох бүртгэл, татварын бүртгэл, тайлангийн уялдааг сайжруулж, улсын статистик мэдээллийн үндэслэлийг дээшлүүлэх зорилгоор өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллагад заавал хөтлөх анхан шатны бүртгэлийн маягт, түүнийг хөтлөх аргачлалыг Үндэсний статистикийн газартай зөвшилцөн 2002 онд шинэчлэн боловсруулж мөрдүүлсүгэй;
в/нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад нийцсэн Монгол Улсын нягтлан бодох бүртгэлийн стандартыг холбогдох дүрэм, журам, зааврын хамт 2002 оны эхний улиралд багтаан боловсруулж батлан 2002 онд нийт аж ахуйн нэгж, байгууллагын 50 хувьд, 2003 онд 70 хувьд, 2004 онд 90 хувьд хүргэж мөрдүүлсүгэй;
г/хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн дотоод эх үүсвэрийг 2002-2004 оны төсвийн төвлөрсөн арга хэмжээний зардалд тусган санхүүжүүлсүгэй.
4. Монгол Улсын нягтлан бодох бүртгэл, аудитын стандартыг боловсруулан хэрэгжүүлэх, энэ чиглэлээр сургалт явуулахад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг гадаад орон, олон улсын банк, санхүүгийн байгууллага, хандивлагч орнуудын тусламжаар санхүүжүүлэх боломжийг судалж холбогдох улс, байгууллагад тавьж шийдвэрлүүлэхийг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, Гадаад хэргийн сайд Л.Эрдэнэчулуун нарт даалгасугай.
5. Нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтэн бэлтгэдэг их сургууль, коллежийн сургалтын хөтөлбөрийг орчин үеийн шаардлагад нийцүүлэх, сургалтын чанарыг сайжруулах, бүртгэлийн чиглэлээр судалгаа шинжилгээний ажил явуулах арга хэмжээ авахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд А.Цанжид, Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаанд тус тус даалгасугай.
6. Энэ тогтоол болон хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд зохиож байгаа ажил, мөн түүнчлэн байгууллага, аж ахуйн нэгж, ажилтны бүртгэл тооцооны ажлын туршлагыг радио, телевизээр өргөн сурталчлахыг Монголын радио, телевизийн хэрэг эрхлэх газрын дарга Б.Ганболдод даалгасугай.
7. "2002-2004 онд бүртгэл хөгжүүлэх хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх зорилгоор тодорхой төлөвлөгөө боловсруулж ажиллахыг аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН
Текст томруулах
A
A
A
