A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

НОГООН ХУВЬСГАЛ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1997 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 199

Хүнсний тухай Монгол Улсын хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дүгээр заалт, "Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Айл өрхийн амьжиргааны түвшинг дээшлүүлж, ядуурлыг бууруулах, ажлын байр шинээр бий болгох, хүн амын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор "Ногоон хувьсгал" хөдөлгөөнийг бүх нийтийн үйлс болгон орон даяар өрнүүлсүгэй.

2."Ногоон хувьсгал" Үндэсний хөтөлбөрийг хавсралтын ёсоор баталсугай.

3.Хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтуудыг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх жил бүрийн үндсэн чиглэл, улсын төсвийн төсөлд тусгах буюу бусад сангуудаас хөрөнгө хуримтлуулах замаар шийдвэрлэж байхыг Сангийн сайд П.Цагаан, Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд Л.Нямсамбуу нарт даалгасугай.

4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 1996 оны "Засгийн газрын комисс", Үндэсний зөвлөл, хороо, ажлын хэсгийн тухай 238 дугаар тогтоолд "5. "Ногоон хувьсгал" Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд зохицуулах үүрэг бүхий үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг 5 дугаар хавсралтын ёсоор" гэсэн нэмэлт оруулсугай.