- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- НАЛАЙХЫН НҮҮРСИЙГ ХУВИАРАА АШИГЛАЖ БАЙГАА ИРГЭДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2013-02-02-ны 43-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсо

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
НАЛАЙХЫН НҮҮРСИЙГ ХУВИАРАА АШИГЛАЖ БАЙГАА ИРГЭДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2013-2-2-ны 43-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
2008 оны 3 дугаар сарын 12-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 89
Газрын хэвлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Налайхын уурхайд хувиараа нүүрс олборлож байгаа иргэдийн бүртгэх ажлыг зохион байгуулж, ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжтэй гэрээгээр ажиллуулах, улмаар хууль тогтоомж, аюулгүй ажиллагааны дүрмийг сахиулах зохион байгуулалтын арга хэмжээ авахыг Түлш, эрчим хүчний сайд Ч.Хүрэлбаатар, Үйлдвэр, худалдааны сайд Х.Наранхүү, Нийслэлийн Засаг дарга Т.Билэгт нарт үүрэг болгосугай.
2. Налайх дүүрэгт иргэд хувиараа нүүрс олборлосноос бий болсон цооногийг хааж дахин ашиглах боломжгүй болгох, газрын хэвлий, хөрсний эвдрэл, нуралтаас үйлдвэрлэл, замын байгууламжийг хамгаалах шат дараалсан арга хэмжээ авахыг Түлш, эрчим хүчний сайд Ч.Хүрэлбаатар, Зам, тээвэр, аялал, жуулчлалын сайд Р.Раш, Үйлдвэр, худалдааны сайд Х.Наранхүү, Нийслэлийн Засаг дарга Т.Билэгт нарт үүрэг болгосугай.
3. Налайх дүүргийн ажилгүй иргэдийг хөдөлмөр эрхлэлтийн шугамаар сургалтад хамруулж, барилгын материалын парк байгуулж ажлын байраар хангах арга хэмжээ авахыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Д.Дэмбэрэл, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Цолмон, Нийслэлийн Засаг дарга Т.Билэгт нарт үүрэг болгосугай.
4. Налайх дүүрэгт хууль бусаар нүүрс олборлосноос эвдэрсэн хөрсийг нөхөн сэргээх, ногоон бүс байгуулах арга хэмжээ авахыг Байгаль орчны сайд Г.Шийлэгдамба, Нийслэлийн Засаг дарга Т.Билэгт нарт үүрэг болгосугай.
5. Налайх дүүрэгт хувиараа хөдөлмөр эрхэлж аюулгүй ажиллагааны дүрмийг зөрчин нүүрс олборлосноос болж аваар осол гарах, уурхайн ам шинээр нээх явдлыг таслан зогсоох арга хэмжээ авч холбогдох хууль тогтоомж, шийдвэрийн хэрэгжилтэд байнгын хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд М.Энхболд, Үйлдвэр, худалдааны сайд Х.Наранхүү, Нийслэлийн Засаг дарга Т.Билэгт нарт үүрэг болгосугай.
Текст томруулах
A
A
A
