A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ОЙ, ХЭЭРИЙГ ТҮЙМРЭЭС ХАМГААЛАХ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

2001 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 98

Дэлхийн уур амьсгалын дулаарлын нөлөөгөөр сүүлийн жилүүдэд манай орны хур тундасны улирлын тэнцвэр алдагдаж гангийн давтамж ихсэн цөлжих үйл явц эрчимжих хандлагатай болж байгааг харгалзан Ой, хээрийг түймрээс хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид даалгах нь:

а/Гал түймэртэй тэмцэх газар, түүний салбар нэгжийн чадавхийг бэхжүүлж, нутгийн захиргааны холбогдох байгууллагыг ой, хээрийн түймэртэй тэмцэх талаар арга зүй, мэргэжлийн удирдлагаар байнга хангаж ажилласугай;

б/зохих бэлтгэлийг хангасны үндсэн дээр түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, түймэртэй тэмцэх, амь нас, эд хөрөнгөө хамгаалах аргыг ард иргэдэд эзэмшүүлэхэд чиглэгдсэн үзүүлэх сургууль, сургалтыг 2001 оны 5 дугаар сард багтаан сум, дүүрэг бүрт зохион байгуулж, шаардлагатай гарын авлага, материалаар хангах арга хэмжээ авсугай;

в/орон нутгийн хүчээр унтраах боломжгүй болж голомт нь өргөжсөн ой, хээрийн түймрийг унтраахад цагдаагийн болон дотоодын цэргийн анги, салбарыг дайчлан ажиллуулах арга хэмжээг шуурхай авч байсугай.

2. Батлан хамгаалахын сайд, Улсын байнгын онцгой комиссын дарга Ж.Гүррагчаад даалгах нь:

а/ой, хээрийн түймэртэй тэмцэхэд шаардагдах техник хэрэгсэл, шатахуун, хүн хүч, гарах зардлыг урьдчилан тооцоолж аймаг бүрийн төсөвт тусгуулж байх, байвал зохих нөөцийг бүрдүүлэх, түймэр унтраах бүс нутгийн сүлжээг бий болгох асуудлыг төлөвлөгөөний үндсэн дээр хэрэгжүүлсүгэй;

б/шаардлагатай үед ой, хээрийн түймрийг унтраах, урьдчилан сэргийлэх ажилд зэвсэгт хүчний анги, салбарын тээврийн хэрэгсэл, бие бүрэлдэхүүнийг дайчлан ажиллуулах арга хэмжээ авч байсугай;

в/түймэр унтраах, хөрсний чийгийг нэмэгдүүлэх, таримал ургамлыг мөндрөөс хамгаалах ажилд хэрэглэгдэж байгаа зенитийн их бууны засвар, үйлчилгээг хариуцан байнгын бэлэн байдалд байлгах, шаардлагатай тохиолдолд борооны пуужин зөөвөрлөх нисдэг тэрэг, техник хэрэгслийг гаргаж байсугай.

3. Ой, хээрийн түймрийн голомт өргөжиж гамшгийн цагийн байдал бий болсон үед Гал түймэртэй тэмцэх газрыг Иргэний хамгаалалтын газартай хамтран ажиллуулах талаар журам боловсруулж мөрдүүлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Батлан хамгаалахын сайд Ж.Гүррагчаа нарт даалгасугай.

4. Байгаль орчны сайд У.Барсболдод даалгах нь:

а/цаг агаарын хуурайшилтын мэдээг нийтэд тогтмол хүргэж байхын хамт хиймэл дагуулын мэдээ ашиглан илрүүлсэн түймрийн талаар холбогдох байгууллага, аймаг, орон нутагт шуурхай мэдээлж байсугай;

б/байгалийн нөөц ашиглах, нөхөн сэргээх, хамгаалах үүрэг бүхий мэргэжлийн байгууллагад түймэр гарах магадлал ихтэй тодорхой газар нутгийг хариуцуулан өгч, түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авахуулан хийсэн ажлын үр дүнтэй нь уялдуулан урамшуулж, хариуцлага тооцож байсугай.

5. Хавар, намрын хуурайшилт ихтэй үед түймрийн аюулаас сэрэмжлүүлэх, түймрийн цагийн байдлын талаархи шуурхай мэдээг радио, телевизээр цаг алдалгүй дамжуулах арга хэмжээ авч байхыг Радио, телевизийн хэрэг эрхлэх газрын дарга Б.Ганболдод даалгасугай.

6. Үүлэнд зориудаар нөлөөлж хур тундас оруулж түймэр унтраах, ган тайлах, хөрсний чийгийг нэмэгдүүлэх, таримал ургамлыг мөндрөөс хамгаалах арга хэмжээнд шаардагдах урсгал болон тусгай зориулалтын материалын зардлыг 2002 оноос эхлэн улсын төвлөрсөн төсөвт тусган санхүүжүүлж байхыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, Байгаль орчны сайд У.Барсболд нарт даалгасугай.

7. Аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгах нь:

а/хуурайшилт бүхий газар нутгийн түймрийн эрсдэлийн үнэлгээг мэргэжлийн байгууллагын оролцоотойгоор жил бүр гаргаж, түймэртэй тэмцэхэд шаардагдах зардлыг бодитойгоор тогтоон санхүүжүүлэх эх үүсвэрийг шийдвэрлэж байсугай;

б/орон нутгийн байгууллага, цэргийн дүйцүүлэх алба хаагчид, иргэдийн бэлтгэл, бэлэн байдлыг хангуулсны үндсэн дээр тэдгээрийг ой, хээрийг түймрээс хамгаалах, гарсан түймрийг унтраах ажилд зохион байгуулалттайгаар дайчлан оролцуулж байсугай;

в/ой, хээрийн түймрийг унтраах техник хэрэгсэл бүхий "мэргэжсэн баг"-ийг цэргийн дүйцүүлэх алба хаагчдыг түшиглүүлэн байгуулж сургаж бэлтгэх, хуурайшилтын үед тэднийг түймэр гарах магадлал ихтэй нутаг дэвсгэрт байнга ажиллуулах арга хэмжээ авч байсугай;

г/"мэргэжсэн баг"-ийн хүчээр ойд цэвэрлэгээ хийж түймрээс хамгаалах зурвас байгуулах, малчдын өвөлжөө, хаваржааг түймрийн хамгаалалтын зурвастай болгох, үнс нурмаа галын аюулгүйгээр хадгалах, хаях, түймрийн аюулын үед амь нас, эд хөрөнгөө хамгаалах арга ажиллагаанд иргэдийг сургах арга хэмжээ авч байсугай;

д/түймрийн аюултай үед хуурайшилт бүхий газар нутагт аялал зугаалга хийх, ан агнах, бугын эвэр түүх, мод бэлтгэх, байгалийн дагалт баялаг ашиглах зэрэгт оролцох иргэн, аж ахуйн нэгж, байгууллага бүрийн үйл ажиллагаанд сум, баг, дүүргийн Засаг дарга нарын зүгээс тавих хяналт, урьдчилан сэрэмжлүүлэх ажлыг хэвшүүлэн биелэлтэд нь хяналт тавьж ажилласугай.

8. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Эрдэм шинжилгээ, туршилт үйлдвэрлэлийн ажлын дүнгийн тухай" Засгийн газрын 1994 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 120 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн "а" заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Байгаль орчны сайд У.БАРСБОЛД