- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ОЙН ХӨНӨӨЛТ ШАВЬЖ, ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ОЙН ХӨНӨӨЛТ ШАВЬЖ, ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
2003 оны 5 дугаар сарын 21-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 120
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Хэнтий, Хөвсгөл, Архангай, Төв аймгийн болон нийслэлийн ногоон бүсийн зарим нутаг, Хан Хэнтий, Богд хан уулын улсын тусгай хамгаалалттай газрын ойд тархсан хөнөөлт хортон шавьж, ойн халдварт өвчинтэй тэмцэхэд зориулан эхний хагас жилд багтаан дор дурдсан эх үүсвэрээс 141.0 (нэг зуун дөчин нэгэн) сая төгрөг гаргахыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, Байгаль орчны сайд У.Барсболд нарт зөвшөөрсүгэй:
а/байгаль хамгаалах сангаас 22.0 (хорин хоёр) сая төгрөг;
б/ойжуулалт, ойн арга хэмжээний зардлаас 10.0 (арван) сая төгрөг;
в/Япон Улсын парламентын зарим гишүүдийн хандив тусламжаас 9.0 (есөн) сая төгрөг;
г/Засгийн газрын нөөц хөрөнгөөс 100.0 (нэг зуун) сая төгрөг.
2. Ойн хөнөөлт хортон шавьж болон өвчинтэй тэмцэх ажилд тухайн бүс нутгийн холбогдох аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг графикийн дагуу зохион байгуулалттайгаар татан оролцуулах арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхийг Байгаль орчны сайд У.Барсболд, Нийслэлийн Засаг дарга М.Энхболд, Хэнтий, Хөвсгөл, Архангай, Төв аймгийн Засаг дарга Ч.Эрдэнэбаатар, Л.Дамдинсүрэн, Ж.Нэргүй, М.Мэндбилэг нарт үүрэг болгосугай.
3. Ойн хөнөөлт шавьж болон халдварт өвчинтэй тэмцэхэд нисэх онгоц ашиглах боломжгүй газруудад зэвсэгт хүчин, цагдаагийн болон цэргийн дүйцүүлэх алба хаагчид, бусад хүчийг татан оролцуулж гар аргаар тэмцэх ажлыг шуурхай зохион байгуулахыг Батлан хамгаалахын сайд Ж.Гүррагчаа, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Улсын иргэний хамгаалалтын газрын дарга О.Үржин нарт даалгасугай.
4. Ойн хөнөөлт шавьж болон халдварт өвчинтэй тэмцэх ажилд шинэ техник, технологи нэвтрүүлэх арга хэмжээ авч, гар аргаар тэмцэх ажилд оролцох хүмүүсийг заавар, зөвлөмж, мэргэжлийн удирдлагаар хангах, ажлын гүйцэтгэлд нь хяналт тавьж үр дүнг газар дээр нь тооцох арга хэмжээ авч ажиллахыг Байгаль орчны сайд У.Барсболдод үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН
Байгаль орчны сайд У.БАРСБОЛД
Текст томруулах
A
A
A
