A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ОРОН НУТГИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

2006 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 228

Орон нутгийн ажил байдалтай танилцах, цаг үеийн ажлыг эрчимжүүлэх үүрэг бүхий Засгийн газрын ажлын хэсгийн орон нутагт ажилласан дүнгийн тухай хэлэлцээд Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Цахилгаан, дулаан, түлш, шатахууны үнийн өсөлтөөс шалтгаалан сум, сум дундын болон аймгийн нэгдсэн эмнэлэг, ерөнхий боловсролын сургууль, аж ахуйн нэгжийн хооронд үүссэн өрийн асуудлыг судалж, тэдгээрийг шийдвэрлэх санал боловсруулж, энэ оны 10 дугаар сард багтаан Засгийн газарт танилцуулахыг Эрүүл мэндийн сайд Л.Гүндалай, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ө.Энхтүвшин, Сангийн сайд Н.Баяртсайхан нарт тус тус даалгасугай.

2. Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлж, хулгайн мал, мах тээвэрлэсэн тээврийн хэрэгслийг улсын орлого болгох, малын хулгайн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах ялыг чангатгах талаар холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах арга хэмжээ авахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Д.Одбаярт, тууварлаж байгаа мал, тээвэрлэх маханд гарал үүслийн гэрчилгээ олгох талаар холбогдох арга хэмжээ авч, хяналт тавин ажиллахыг аймгийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

3. Дундговь, Дорноговь, Сүхбаатар аймаг болон мал өвөлжилт хүндэрч болзошгүй нутгуудад хохирол, эрсдэлийн үнэлгээ хийж, дүгнэлт гаргах, отрын бүс нутгуудын усан хангамжийг сайжруулах, мал оторлож яваа иргэдэд төрийн зарим үйлчилгээ хүргэхэд шаардагдах санхүүгийн болон бусад дэмжлэг үзүүлэх талаар санал боловсруулж шийдвэрлүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Тэрбишдагвад даалгасугай.

4. Нийгмийн халамжийн тухай хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлж, баталгаажуулах аргачлалыг бодит байдалд нийцүүлэн өөрчлөн батлах арга хэмжээ авахыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Л.Одончимэдэд үүрэг болгож, Үндэсний статистикийн газар /П.БЯМБАЦЭРЭН/-т зөвлөсүгэй.

5. Хэнтий аймгийн Бэрх хотын дулааны станцын засварын ажлыг энэ оны 10 дугаар сард багтаан дуусгаж, Чандгана талын нүүрсний уурхайн хөрс хуулалтын ажлыг яаралтай эхлүүлэхийн тулд "Бэрх-Уул" ХК-иас "Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ" төрийн өмчит ХК—д төлөх цахилгаан хэрэглэсний өрийн асуудлыг судалж шийдвэрлэхийг Түлш, эрчим хүчний сайд Б.Эрдэнэбат, Хэнтий аймгийн Засаг дарга С.Жаргал нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.БАТБОЛД