- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ОЛОН УЛСЫН АЖИЛЛАГААНД ОРОЛЦУУЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2008 оны 6 дугаар сарын 3-ны өдөр
Дугаар 232
Улаанбаатархот
ОЛОН УЛСЫН АЖИЛЛАГААНД ОРОЛЦУУЛАХ ТУХАЙ
Цэрэг, цагдаагийн албан хаагчийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд оролцуулах тухай хуулийн 4.1.1, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн 2008 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн хуралдаанаас гарсан Зөвлөмжийг тус тус үндэслэн Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Ирак дахь дайны дараахь гамшгийг арилгах, сэргээн босгох, энхийг сахиулах олон улсын хүмүүнлэгийн ажиллагаанд оролцох Монгол Улсын Зэвсэгт хүчний аравдугаар ээлжийн цэргийн багийг 2008 оны 7 дугаар сараас эхлэн үүрэг гүйцэтгүүлсүгэй.
2. Цэргийн багийн үүрэг гүйцэтгэх хугацааг 2008 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөр дуусгавар болгохоор тооцож, Бүгд Найрамдах Польш Улсын цэргийн багийг татан гаргаж дуусах хугацаатай уялдуулан эргүүлэн татах асуудлыг холбогдох журмын хүрээнд шийдвэрлэхийг Гадаад хэргийн сайд С.Оюун, Батлан хамгаалахын сайд Ж.Батхуяг нарт үүрэг болгосугай.
3. Олон улсын цэргийн ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Зэвсэгт хүчний аравдугаар ээлжийн цэргийн багт шаардагдах 18,822,253 (арван найман сая найман зуун хорин хоёр мянга хоёр зуун тавин гурван) төгрөгийн үнэ бүхий хавсралтад заасан зэвсэглэл, галт хэрэглэлийг Зэвсэгт хүчний нөөцөөс түр гарган урсгал хангалтад шилжүүлж, эргэн тооцохыг Батлан хамгаалахын сайд Ж.Батхуяг, бие бүрэлдэхүүний амь даатгал, материал хэрэгсэл худалдан авах зардалд шаардагдах 483,988,800 (дөрвөн зуун наян гурван сая есөн зуун наян найман мянга найман зуун) төгрөгийг Ирак Улсад үүрэг гүйцэтгэж байгаа Монголын цэргийн багийн сургалтад зарцуулсан зардлын нөхөн төлбөрөөс гаргахыг Сангийн сайд Ч.Улаан нарт тус тус зөвшөөрсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР
Батлан хамгаалахын сайд Ж.БАТХУЯГ
Текст томруулах
A
A
A
