A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • МОНГОЛ УЛСЫН НЭГДСЭН ТӨСВИЙН ТУХАЙ /Энэ хуулийг 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

/Энэ хуулийг 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2002 оны 11 дүгээр сарын 20-ний өдөр

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭГДСЭН ТӨСВИЙН ТУХАЙ

НЭГДYГЭЭР БYЛЭГ

Нийтлэг үндэслэл

/2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар

Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуулийн улсын төсөв, Хүний хөгжил сангийн төсөв, Нийгмийн даатгалын сангийн төсвийн төслийг боловсруулахтай холбогдсон зүйл, заалтыг 2012 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцохоор, мөн 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдөр батлагдсан хуулийн 1 дүгээр зүйлд зааснаас бусад зүйл, заалтыг 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцохоор тус тус заасан/

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

Хэвлэх

1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нэгдсэн төсөв, төсвийн захирагчийн эрх, үүрэг, төсвийн орлого, зарлагын ангилал, төсвийн гүйцэтгэлийг тайлагнах, төсвийн бүртгэлтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Төсвийн тухай хууль тогтоомж

Хэвлэх

2.1.Төсвийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль1, энэ хууль болон Төсвийн тогтвортой байдлын тухай, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль2, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

/Энэ хэсэгт 2010 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

3 дугаар зүйл. Төсөв, түүний бүрэлдэхүүн

Хэвлэх

3.1.Төрийн чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг бий болгох зорилгоор тухайн төсвийн жилд төрийн мэдэлд хуримтлуулан хуваарилж, зарцуулах мөнгөн хөрөнгийн орлого, зарлагын тэнцлийг Монгол Улсын нэгдсэн төсөв гэнэ.

3.2.Монгол Улсын нэгдсэн төсөв нь Монгол Улсын төсөв, орон нутгийн төсөв, Хүний хөгжил сангийн төсөв болон нийгмийн даатгалын сангийн төсвөөс бүрдэнэ:

/Энэ хэсгийг 2007 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ хэсэгт 2009 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

/Энэ хэсэгт 2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

3.2.1.Улсын Их Хурлаас баталсан, Засгийн газар бүрдүүлэн, зарцуулах төсвийг улсын төсөв гэнэ.

3.2.2.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын бүрдүүлэн, зарцуулах төсвийг орон нутгийн төсөв гэнэ.

3.2.3.Монгол Улсыг хөгжүүлэх сангийн тухай хуулийн 3.2-т заасан эх үүсвэрээр бүрдэж, мөн хуулийн 6.1-д заасан зориулалтаар тухайн жилд Улсын Их Хурлаас баталсан Засгийн газар бүрдүүлэн зарцуулах төсвийг Монгол Улсыг хөгжүүлэх сангийн төсөв гэнэ.

/Энэ заалтыг 2007 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ заалтыг 2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

3.2.4.Нийгмийн даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан эх үүсвэрээр бүрдэж, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу зарцуулагдах тухайн жилд Улсын Их Хурлаас баталсан төсвийг нийгмийн даатгалын сангийн төсөв гэнэ.

/Энэ заалтыг 2007 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн/

3.2.5.Хүний хөгжил сангийн тухай хуулийн 3.2-т заасан эх үүсвэрээс бүрдэж, мөн хуулийн 17.1-д заасны дагуу зарцуулагдах тухайн жилд Улсын Их Хурлаас баталсан төсвийг хүний хөгжил сангийн төсөв гэнэ.

/Энэ заалтыг 2009 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/

3.3. Орон нутгийн төсөв нь аймаг, нийслэл, сум, дүүргийн төсвөөс бүрдэнэ.

4 дүгээр зүйл. Төсвийн жил

Хэвлэх

4.1.Төсвийн жил нь тухайн оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхэлж 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болно.

5 дугаар зүйл. Төсвийн захирагч

Хэвлэх

5.1.Улсын Их Хурал болон тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын баталсан төсвийг төсвийн жилд захиран зарцуулах, түүний үр дүнгийн төлөө хариуцлага хүлээх, гүйцэтгэлийг гаргаж тайлагнах үүрэг бүхий төрийн захиргааны болон төсөвт байгууллагын зохих эрх олгогдсон албан тушаалтныг төсвийн захирагч гэнэ.

5.2.Төсвийн захирагчийг ерөнхийлөн захирагч, шууд захирагч гэж ангилна.

5.2.1. улсын төсвийн ерөнхийлөн захирагч нь Монгол Улсын Засгийн газар байна;

/Энэ заалтыг 2003 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/

5.2.2. төсвийн байгууллагын ерөнхий менежер нь тухайн байгууллагын хувьд төсвийн шууд захирагч байна.

/Энэ заалтыг 2003 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/

5.3.Төсвийн захирагчийн хүлээх эрх, үүргийг Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулиар зохицуулна.

6 дугаар зүйл.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын эрх, үүрэг

Хэвлэх

6.1.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь эрх, үүрэгтэй :

6.1.1. төсвийн захирагч, төсөвт байгууллагын төсвийн төсөөллийг хүлээн авч хянах, төсвийн хүрээний мэдэгдэлд нийцүүлэн нэгтгэн боловсруулах;

6.1.2. төв, орон нутгийн санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн албадыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;

6.1.3. төсөвт байгууллагуудад мөрдөгдөх нийтлэг заавар, журмыг энэ хууль болон Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуульд нийцүүлэн боловсруулж, баталж мөрдүүлэх;

6.1.4. төсвийн байгууллагуудын харилцах дансны байршил, дансны бүтэц, түүнд тавигдах шаардлагыг тодорхойлж, хэрэгжүүлэх;

6.1.5. төсвийн ерөнхийлөн захирагчийн өөрийн орлогын зарцуулалтын тайланг хагас, бүтэн жилээр гаргуулан авах ;

6.1.6. санхүүгийн жилийн явцад эдийн засгийн гадаад, дотоод орчны өөрчлөлтөөс шалтгаалан батлагдсан төсөвт тодотгол хийх Засгийн газрын саналыг боловсруулах;

6.1.7. төсөвт байгууллагад олгогдсон төсвийн хөрөнгийн зарцуулалт, төрийн сангийн өдөр тутмын гүйлгээг зохион байгуулж, тайланг гаргуулан авах;

6.1.8. тухайн жилийн төсвийг баталсан хууль болон төсвийн ерөнхийлөн захирагчийн байгуулсан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээг үндэслэн төсвийн орлого, зарлагын сар, улирлын хуваарийг батлан мөрдүүлэх;

6.1.9. Улсын Их Хурлаас баталсан тухайн жилийн төсөв болон төсвийн хүрээний мэдэгдлийг төсвийн орлого, зарлагын дэлгэрэнгүй ангиллаар эрхэлсэн сайд нарт хуваарилан хүргүүлж, гүйцэтгэлд хяналт тавих.

6.2. Гадаад Улсын Засгийн газар, олон улсын санхүүгийн байгууллагаас Монгол Улсын Засгийн газрын шугамаар авсан хөнгөлөлттэй зээлийг эргүүлж төлөх баталгааг Засгийн газрын зөвшөөрснөөр санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гаргана.Төсвөөс нэмэгдэл санхүүжилт шаардагдах гэрээ, хэлэлцээрийг зөвхөн санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний зөвшөөрснөөр байгуулна.

/Энэ хэсэгт 2003 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

6.3.Засгийн газар Монгол Улсын Хөгжлийн банкны тухай, Концессын тухай хуульд заасны дагуу улсын хөгжилд тэргүүлэх ач холбогдолтой, эдийн засаг, нийгмийн өндөр үр ашигтай томоохон төсөл, хөтөлбөрт зээлийн баталгаа гаргаж болно.

/Энэ хэсгийг 2003 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ хэсгийг 2011 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

6.4.Жижиг, дунд үйлдвэрийн зээлийн баталгааны тухай асуудлыг хуулиар тусгайлан зохицуулна.

/Энэ хэсгийг 2011 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн/

7 дугаар зүйл. Төсвийн ерөнхий нягтлан бодогчийг томилох, чөлөөлөх

Хэвлэх

7.1.Тухайн шатны төсвийн ерөнхий нягтлан бодогчийг аймаг, нийслэл, сум, дүүргийн төсвийн ерөнхийлөн захирагч нь:

7.1.1. аймаг, нийслэлийн төсвийн ерөнхий нягтлан бодогчийг санхүү,төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын Төрийн нарийн бичгийн даргатай;

7.1.2. сум, дүүргийн төсвийн ерөнхий нягтлан бодогчийг аймаг, нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчтай тус тус зөвшилцөн томилж, чөлөөлнө.

ХОЁРДУГААР БYЛЭГ

Төсвийн орлого, зарлага

8 дугаар зүйл. Төсвийн орлого

Хэвлэх

8.1. Төрийн чиг үүргийг хэрэгжүүлэх зорилгоор бүх шатны төсөвт зохих хууль тогтоомжийн дагуу бүрдүүлэн хуримтлуулж байгаа албан татвар, төлбөр, хураамж, хүү, торгууль болон гадаад, дотоод бусад эх үүсвэрээс бүрдэх орлогыг төсвийн орлого гэнэ.

8.2. Төсвийн орлого татварын болон татварын бус орлогоос бүрдэнэ:

8.2.1. татварын орлого нь Татварын ерөнхий хуулиар3 тодорхойлсон албан татвар, хураамж, төлбөрөөс бүрдэнэ;

8.2.2. татварын бус орлого төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн төрийн болон орон нутгийн өмчид ногдох хувьцааны ногдол ашиг, төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийг ашигласны төлбөр болон борлуулсны орлого, хүү, торгуулийн орлого болон хууль тогтоомжийн дагуу төсөвт орох бусад орлогоос бүрдэнэ.

9 дүгээр зүйл. Улсын төсвийн орлого

Хэвлэх

9.1. Улсын төсвийн татварын орлого дараахь орлогоос бүрдэнэ:

9.1.1. аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татвар;

9.1.2. нэмэгдсэн өртгийн албан татвар;

9.1.3. онцгой албан татвар;

9.1.4. гаалийн албан татвар;

9.1.5. автобензин, дизелийн түлшний албан татвар;

9.1.6. ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 70 хувь;

/Энэ заалтад 2006 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

9.1.7. ашигт малтмалын хайгуулын болон ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийн төлбөрийн 50 хувь ;

/Энэ заалтад 2006 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

9.1.8. хүн амын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын албан татвар. /Энэ заалтыг 2008 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

9.1.9. зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татвар.

/Энэ заалтыг 2006 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Дээрх 9.1.9 дэх заалтыг 2009 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсон/

9.1.10.агаарын бохирдлын төлбөр

/Энэ заалтыг 2010 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/

9.2.Улсын төсвийн татварын бус орлого дараахь орлогоос бүрдэнэ:

9.2.1. төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагын төрийн өмчид ногдох хувьцааны ногдол ашиг;

9.2.2.төрийн өмчийн эд хөрөнгийг ашигласны төлбөр болон борлуулсны орлого;

9.2.3. хууль тогтоомжийн дагуу улсын төсөвт орох бусад орлого.

9.3.Нийгмийн даатгалын шимтгэлийн орлого нь улсын төсвийн бүрэлдэхүүн байна.

/Энэ хэсгийг 2007 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

10 дугаар зүйл. Орон нутгийн төсвийн орлого

Хэвлэх

10.1. Аймаг, нийслэлийн төсвийн татварын орлого дараахь орлогоос бүрдэнэ:

10.1.1. хотын албан татвар;

10.1.2. ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 20 хувь;

/Энэ заалтад 2006 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

10.1.3. газрын төлбөр;

10.1.4. үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар;

10.1.5. авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар.

10.1.6.ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийн 25 хувь;

/Энэ заалтыг 2006 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/

10.1.7.цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод ногдох албан татвар.

/Энэ заалтыг 2008 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн/

10.2. Аймаг, нийслэлийн төсвийн татварын бус орлого дараахь орлогоос бүрдэнэ:

10.2.1. орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагын орон нутгийн өмчид ногдох хувьцааны ногдол ашиг;

10.2.2. орон нутгийн өмчийн эд хөрөнгийг ашигласны төлбөр болон борлуулсны орлого, хүү, торгуулийн орлого;

10.2.3.улсын төсвийн ерөнхийлөн захирагчийн захиалгат бүтээгдэхүүний санхүүжилт;

10.2.4. хууль тогтоомжийн дагуу аймаг, нийслэлийн төсөвт орох бусад орлого.

10.3. Сум, дүүргийн төсвийн татварын орлого дараахь орлогоос бүрдэнэ:

10.3.1.Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 8.1.1-д заасан орлогод ногдох албан татвараас бусад хувь хүний орлогын албан татвар;

/Энэ заалтыг 2008 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

10.3.2. бууны албан татвар;

10.3.3. улсын тэмдэгтийн хураамж;

10.3.4. агнуурын нөөц ашигласны төлбөр, ан амьтан агнах, барих зөвшөөрлийн хураамж;

10.3.5. байгалийн баялаг ашиглахад олгох зөвшөөрлийн хураамж;

/Энэ заалтад 2006 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

10.3.6. байгалийн ургамал ашигласны төлбөр;

10.3.7. ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөр;

10.3.8.түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөр;

10.3.9. ус, рашаан ашигласны төлбөр;

10.3.10. орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил үйлчилгээ хувиараа эрхлэгч иргэний орлогын албан татвар.

10.3.11.ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийн 25 хувь;

/Энэ заалтыг 2006 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/

10.3.12.ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 10 хувь.

/Энэ заалтыг 2006 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/

10.4. Сум, дүүргийн төсвийн татварын бус орлого дараахь орлогоос бүрдэнэ:

10.4.1. орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагын орон нутгийн өмчид ногдох хувьцааны ногдол ашиг;

10.4.2. орон нутгийн өмчийн эд хөрөнгийг ашигласны төлбөр болон борлуулсны орлого, хүү, торгуулийн орлого;

10.4.3. хууль тогтоомжийн дагуу сум, дүүргийн төсөвт орох бусад орлого.

11 дүгээр зүйл. Төсвийн зарлага

Хэвлэх

11.1. Төрийн чиг үүргийг хэрэгжүүлэхийн тулд батлагдсан төсвөөс төсвийн захирагчийн үйл ажиллагаа, түүний үр дүнг санхүүжүүлэхээр хуваарилж, зарцуулж буй төсвийн хөрөнгийг төсвийн зарлага гэнэ.

11.2.Төсвийн хөрөнгийн хуваарилалт, санхүүжилт, зарцуулалт, гүйцэтгэл, тайлан гаргахтай холбогдсон харилцааг Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулиар зохицуулна.

11.3. Орон нутгийн төсвөөс санхүүжүүлэхээс бусад төрийн үйл ажиллагааг улсын төсвөөс санхүүжүүлнэ.

11.4.Санхүүгийн тайлант жилийн улсын төсвийн зарлагаас давсан орлого буюу улсын төсвийн ашиг, эрсдэлийн сангийн зарцуулагдаагүй хөрөнгийг Монгол Улсыг хөгжүүлэх санд шилжүүлэн зарцуулна.

/Энэ хэсгийг 2006 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ хэсгийг 2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

12 дугаар зүйл. Төсвийн орлого, зарлагын ангилал

Хэвлэх

12.1. Төсвийн орлогыг дараахь байдлаар ангилна:

12.1.1. татварын нэр төрлөөр;

12.1.2. төсвийн орлогын нэр төрлөөр;

12.1.3. төсвийн орлогыг төвлөрүүлэгч байгууллагаар.

12.2.Төсвийн зарлагыг дараахь байдлаар ангилна:

12.2.1.эдийн засгийн ангиллаар хуваарилсан төсөв;

12.2.2.бүтээгдэхүүний ангиар хуваарилсан төсөв;

12.2.3.төсвийн ерөнхийлөн захирагчийн төсөв;

12.2.4.төсвийн ерөнхийлөн захирагчид хуулиар харьяалуулсан байгууллагын төсөв.

12.3. Төсвийн орлого, зарлагын дэлгэрэнгүй ангиллыг Засгийн газар тогтоож, батална.

12.4.Энэхүү ангиллыг төсвийн тухайн шатны захирагчид дагаж мөрдөх үүрэгтэй.

13 дугаар зүйл. Засгийн газрын тусгай сан

Хэвлэх

13.1. Засгийн газрын захиран зарцуулах эрхийн хүрээнд Засгийн газрын нөөц хөрөнгө, Төсвийн тогтворжуулалтын сан, болзошгүй зардлын эрсдэлийн санг улсын төсвийн бүрэлдэхүүн хэлбэрээр, Улсын Их Хурлын зөвшөөрлөөр байгуулан зарцуулж болно.

/Энэ хэсэгт 2010 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

13.2. Байгалийн гэнэтийн аюул, гамшигт үзэгдэл болон гадаад, дотоод зах зээлийн орчны нөлөөллийн улмаас нийт эдийн засаг, улсын төсөвт учирч болзошгүй эрсдэлээс сэргийлэх зорилгоор жил тутам дотоодын нийт бүтээгдэхүүний 1 хүртэлх хувьтай тэнцэх хэмжээний эрсдэлийн санг байгуулж болно.

13.3. Засгийн газрын нөөц хөрөнгө, Төсвийн тогтворжуулалтын сан, болзошгүй зардлын эрсдэлийн санг бүрдүүлэх, зарцуулах , хуваарилагдаагүй зардлыг зарцуулах журмыг хуулиар зохицуулна.

/Энэ хэсэгт 2010 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

13.4. Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын орлогоор Монгол Улсыг хөгжүүлэх сан байгуулна.

/Энэ хэсгийг 2006 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ хэсгийг 2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

ГУРАВДУГААР БYЛЭГ

Бусад зүйл

14 дүгээр зүйл. Төсвийн өдөр тутмын гүйлгээг гүйцэтгэх

Хэвлэх

14.1.Монгол Улсын төсвийн орлого, зарлагын өдөр тутмын гүйлгээг Төрийн сангаар дамжуулан гүйцэтгэнэ.

14.2.Төрийн сангийн дансыг Монголбанк, түүний харьяа салбарууд болон гэрээний үндсэн дээр арилжааны банкуудад байршуулж болно.

14.3.Улсын төсвийн орлого, зарлагын холбогдох зарим гүйлгээг Монголбанк, бусад банк холбогдох хууль тогтоомжийн дагуу гүйцэтгэнэ.

14.4.Орон нутгийн төсвийн орлого, зарлагын тэнцэл хангагдаагүй нөхцөлд шаардлагатай аймаг, нийслэлийн төсөвт улсын төсвөөс санхүүгийн дэмжлэг үзүүлж болно.

14.5.Төсвийн тэнцэлтэй холбогдуулан доод шатны төсвийн орлогын тодорхой хэсгийг дээд шатны төсөвт төвлөрүүлж болно.

15 дугаар зүйл. Төсвийн гүйцэтгэлийг тайлагнах

Хэвлэх

15.1.Засгийн газар улсын төсөв /үүний дотор Засгийн газрын тусгай сан, хуваарилагдаагүй зардал/-ийн гүйцэтгэлийг бүтэн жилээр гаргаж Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.

15.2.Улсын төсвийн гүйцэтгэлийг тайлагнах журмыг Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулиар зохицуулна.

15.3. Улсын төсвийн гүйцэтгэлд Улсын Их Хурал, орон нутгийн төсвийн гүйцэтгэлд тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тус тус хяналт тавина.

/Энэ хэсгийг 2003 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/

16 дугаар зүйл. Төсвийн бүртгэл

Хэвлэх

16.1. Монгол Улсын төсвийн бүртгэл нь Засгийн газрын санхүүгийн бүртгэлийн олон улсын стандартад нийцсэн байна.

16.2. Монгол Улсын төсвийн бүртгэлийн стандарт, ангилал, аргачлал, зааврыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтоож, батална.

16.3. Төсвийн байгууллагуудад мөрдөх нягтлан бодох бүртгэл хөтлөлтийн талаархи журам, заавар, аргачлалыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталж, мөрдүүлнэ.

17 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох

Хэвлэх

17.1.Энэ хуулийг 2002 оны 11 дүгээр сарын 21 -ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР

1 Монгол Улсын Yндсэн хууль, "Төрийн мэдээлэл" эмхтгэлийн 1992 оны 1 дүгээрт нийтлэгдсэн

2 Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль, "Төрийн мэдээлэл" эмхтгэлийн 2002 оны 28 дугаарт нийтлэгдсэн

3 Татварын ерєнхий хууль, "Тєрийн мэдээлэл"

эмхтгэлийн 1992 оны 2 дугаарт нийтлэгдсэн