A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ТЭМДГИЙН ТУХАЙ

2001 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 8

Онцгой албан татварын тэмдгийн тухай хуулийг хэрэгжүүлэх, Монгол Улсын нутаг дэвсгэрт архи, тамхийг хууль бусаар үйлдвэрлэж, борлуулахаас урьдчилан сэргийлэх, онцгой албан татварын төлөлтөд тавих хяналтыг сайжруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэн борлуулж байгаа экспортод гаргахаас бусад архи, хүнсний спирт, коньяк /бренди/, жимс болон ургамлын гаралтай түүхий эдээр хийсэн дарс, ликёр, тамхи (савны хэлбэр, багтаамжаас шалтгаалан тэмдэг наах боломжгүй бэлэг дурсгалын зориулалтаар савлагдсан архи, дарснаас бусад)-нд тэдгээрийг холбогдох хууль тогтоомжийн дагуу үйлдвэрлэн борлуулж, онцгой албан татвар төлсөн болохыг нотлох зорилгоор 2001 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн онцгой албан татварын тэмдэг заавал хэрэглэдэг журамд шилжсүгэй.

2. Онцгой албан татварын тэмдгийн тодорхойлолтыг 1 дүгээр хавсралт, загварыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

3. Архи, тамхийг борлуулахдаа онцгой албан татварын тэмдгийг зохих журмын дагуу нааж байхыг архи, тамхи үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн удирдлагад үүрэг болгосугай.

4. Онцгой албан татварын тэмдгийг захиалах, хэвлүүлэх, хадгалах, олгох, бүртгэх, тайлан гаргахтай холбогдсон журмуудыг баталж мөрдүүлэхийг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаанд даалгасугай.

5. Онцгой албан татварын тэмдгийн ерөнхий захиалагчийн үүргийг Үндэсний татварын ерөнхий газарт хариуцуулж, уг тэмдгийг борлуулах үүргийг үндэсний татварын төв болон орон нутгийн албадад зөвшөөрсүгэй.

6. Онцгой албан татварын тэмдгийг хэрэглэх болсонтой холбогдуулан тэмдгийг хэвлүүлэх, архи, тамхи үйлдвэрлэгч байгууллагуудад хүргэх, түүнийг хадгалах, олгох болон хэрэглэхэд хяналт тавихтай холбогдсон зардлыг төвлөрсөн төсвөөс санхүүжүүлэхийг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаанд зөвшөөрсүгэй.

7. Онцгой албан татварын тэмдэгтэй архи, тамхинд тавих чанар стандарт, эрүүл ахуйн хяналтыг хүчтэй болгохыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Насанжаргал, Үйлдвэр, худалдааны сайд Ч.Ганзориг, Эрүүл мэндийн сайд П.Нямдаваа, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН