- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ ШИЛЖҮҮЛСЭН ХУГАЦААГ СУНГАХ, АВСАН ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭГ ӨӨРЧЛӨХ ТУХАЙ (Энэ тогтоолыг 2009-12-02-ны өдрийн 356-р то

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ ШИЛЖҮҮЛСЭН ХУГАЦААГ СУНГАХ, АВСАН ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭГ ӨӨРЧЛӨХ ТУХАЙ (Энэ тогтоолыг 2009-12-02-ны өдрийн 356-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
2009 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 343
Гамшгаас хамгаалах тухай хуулийн 9.5.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Томуугийн А хүрээний (H1N1) вирусийн халдварын тархалт тууштай буурахгүй байгааг харгалзан Монгол Улсын хэмжээнд төрийн болон нутгийн захиргаа, аж ахуйн нэгж, байгууллагыг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2009 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн 14 хоногоор сунгасугай.
2. Нийтийн хоол, баар, рестораныг 21.00 цагаас хойш ажиллуулахгүй байх, олон нийтийг хамарсан хурал зөвлөгөөн, соёл урлаг, спортын арга хэмжээг зогсоосныг хэвээр мөрдөж, эрүүл ахуй, ариун цэвэр, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга, Онцгой комиссын дарга нарт даалгасугай.
3. Нийслэлийн нутаг дэвсгэр дэх барааны зах, хүнсний дэлгүүрийг 2009 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн хэвийн үйл ажиллагаанд оруулж, эрүүл ахуй, ариун цэвэр, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулж ажиллахыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаярт даалгасугай.
4. Орон нутгийн галт тэрэг, хот хоорондын зорчигч тээврийн хэрэгслийн ариутгал, халдваргүйтгэлийг тогтмол хийж, вирусийн халдвараас сэргийлэх арга хэмжээ авсны үндсэн дээр хөдөлгөөнийг 2009 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлүүлж, зорчигчдын биеийн эрүүл мэндийн байдалд хяналт тавьж ажиллуулахыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга Я.Содбаатар нарт үүрэг болгосугай.
5. 2009 оны намрын ээлжит цэрэг татлагын хугацааг дахин 14 хоног хойшлуулахыг Батлан хамгаалахын сайд Л.Болдод даалгасугай.
6. Ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдын хичээлийг 2009 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлүүлэх, бага ангийн ерөнхий эрдмийн хичээлийг телевизүүдээр заах ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаярт даалгасугай.
7. Эрүүл мэндийн байгууллагуудад тогтоосон тусгай горимыг хэвээр мөрдөж, өвчлөгсдөд эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй шуурхай хүргэх, оюутны хотхонд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байнгын ажиллагаатай нэгжийг үргэлжлүүлэн ажиллуулах, хүн амыг томуугийн А хүрээний (H1N1) вирусийн халдварын эсрэг вакцинаар яаралтай вакцинжуулах арга хэмжээ авахыг Эрүүл мэндийн сайд С.Ламбаад даалгасугай.
8. Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд, Засгийн газрын ажлын хэсгийн ахлагч М.Энхболдод даалгасугай.
9. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай" Засгийн газрын 2009 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 333 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Текст томруулах
A
A
A
