A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮНДЭСНИЙ ТӨВ БАЙГУУЛАХ ТУХАЙ

2005 оны 7 дугаар сарын 8-ны өдөр .

Улаанбаатар хот

Дугаар 160

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5, 30 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Сэргээгдэх эрчим хүчийг ашиглах талаар хийгдэж байгаа судалгаа, төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудын ажлын уялдааг сайжруулах зорилгоор Сэргээгдэх эрчим хүчний /СТҮБ/ корпораци, "Нарны гэр" төслийн нэгж, Засгийн газрын тохируулагч агентлаг- Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газрын харьяа "Нарны зайн үйлдвэр"-ийг нэгтгэн Түлш, эрчим хүчний сайдын эрхлэх асуудлын хүрээнд Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төвийг байгуулсугай

2. Сэргээгдэх эрчим хүчний /СТҮБ/ корпораци, "Нарны гэр" төслийн нэгж, "Нарны зайн үйлдвэр"-ийн үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийг балансаас балансад орон тоо, төсвийн хамт Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төвд шилжүүлэхийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд П.Цагаан, Түлш, эрчим хүчний сайд Т.Очирхүү, Төрийн өмчийн хороо /З.ЭНХБОЛД/, Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газрын дарга Ч.Сайханбилэгт тус тус даалгасугай

3. Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төвийн бүтэц, зохион байгуулалтын бүтэц, дүрмийг баталж мөрдүүлэхийг Түлш, эрчим хүчний сайд Т.Очирхүүд даалгасугай.

4. Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төвийн төсвийг баталж мөрдүүлэхийг Сангийн сайд Н.Алтанхуягт үүрэг болгосугай.

5. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Шинжлэх ухааны талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 1997 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 31 дүгээр тогтоолын хавсралтын "Төрийн өмчид түшиглэсэн судалгаа, туршилт, үйлдвэрлэл, бизнесийн /СТҮБ/ корпорациуд" гэсэн "Б" хэсгийн 4 дэх заалтыг хүчингүй болсонд тооцсугай.