A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • СҮЛЖМЭЛ ЭДЛЭЛ, ОЁМОЛ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТОГТВОРТОЙ АЖИЛЛАГААГ ХАНГАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

СҮЛЖМЭЛ ЭДЛЭЛ, ОЁМОЛ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТОГТВОРТОЙ АЖИЛЛАГААГ ХАНГАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

2004 оны 12 дугаар сарын 8-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 237

Сүлжмэл эдлэл, оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн салбарт гарч байгаа хүндрэлийг арилгах, тогтвортой ажиллагааг хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Нийгмийн даатгалын шимтгэл болон татварын бодлогын шинэчлэлийн арга хэмжээнд сүлжмэл, оёмол бүтээгдэхүүний салбарыг хамруулж холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулах, оёмол бүтээгдэхүүний дотоодын захиалга, хэрэглээг нэмэгдүүлэх, ажилчдыг шинээр мэргэшүүлэх, мэргэжлийн дагуу гадаадын хөдөлмөрийн зах зээлд зуучлах зэрэг арга хэмжээ авахыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ц.Баярсайхан, Сангийн сайд Н.Алтанхуяг, Үйлдвэр, худалдааны сайд С.Батболд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд П.Цагаан нарт даалгасугай

2. Сүлжмэл эдлэл, оёмол бүтээгдэхүүний гадаад зах зээлийг өргөжүүлэх, худалдааны хөнгөлөлтийн ерөнхий системд хамруулах талаар ОХУ, Европын Холбоо болон бусад оронтой хоёр болон олон талын яриа, хэлэлцээг идэвхжүүлэх, тус салбарын технологийг шинэчлэх, ажиллагсдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр гадаад хамтын ажиллагааны хүрээнд хөтөлбөр, төсөлд хамруулан дэмжих арга хэмжээ авч ажиллахыг Үйлдвэр, худалдааны сайд С.Батболд, Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил, Сангийн сайд Н.Алтанхуяг нарт даалгасугай.

3. Төсвийн болон орон нутгийн өмчөөр бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээ худалдан авахдаа дотоодын үйлдвэрүүдийн бүтээгдэхүүнийг тэргүүн ээлжинд сонгох, захиалгат бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх арга хэмжээ авч дэмжлэг үзүүлж байхыг Сангийн сайд Н.Алтанхуяг, Батлан хамгаалахын сайд Б.Эрдэнэбат, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд П.Цагаан нарт даалгасугай.

4. Үйлдвэрлэл, технологийн парк байгуулах бодлогын хүрээнд сүлжмэл эдлэл, оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэгчдийг дэмжих боломжийг судалж хэрэгжүүлэх санал боловсруулж 2005 оны Ш улиралд багтаан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Үйлдвэр, худалдааны сайд С. Батболдод үүрэг болгосугай.

5. Бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, технологийн шинэчлэлт хийх, ажиллагчдынхаа мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, тэдэнд хос мэргэжил эзэмшүүлэх замаар хөнгөн үйлдвэрлэлийн бусад салбарт хөрвөн ажиллах боломжийг бүрдүүлэх, БНХАУ болон бусад орны оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэгчидтэй тодорхой бүтээгдэхүүний бэлдэц, иж бүрдлийн хэсгээр дагнах, хорших чиглэлээр хамтран ажиллах талаар идэвхтэй үйл ажиллагаа явуулахыг сүлжмэл эдлэл, оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид болон Монголын оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн Н.Даш-Өлзийд зөвлөсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ

Үйлдвэр, худалдааны сайд С.БАТБОЛД