- Нүүр
- Монгол Улсын хууль
- МОНГОЛЫН УЛААН ЗАГАЛМАЙ НИЙГЭМЛЭГИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ /Энэ хуулийг 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2000 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр
Улаанбаатар хот
МОНГОЛЫН УЛААН ЗАГАЛМАЙ НИЙГЭМЛЭГИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1. Энэ хуулийн зорилт нь Монголын улаан загалмай нийгэмлэг /цаашид "МУЗН" гэх/-ийн эрх зүйн байдлыг тодорхойлж, зохион байгуулалт, бүрэн эрх, түүний баталгаа, төрөөс МУЗН-т дэмжлэг үзүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. МУЗН-ийн эрх зүйн байдлын тухай хууль тогтоомж
2.1. МУЗН-ийн эрх зүйн байдлын тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль1, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай, Төрийн бус байгууллагын тухай2, Донорын тухай хууль3, энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
/Энэ хэсэгт 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёо
3.1. Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1. "хөдөлгөөн" гэж олон улсын улаан загалмай /улаан хавирган сар/ хөдөлгөөнийг;
3.1.2. "хөдөлгөөний үндсэн зарчмууд" гэж энэрэнгүй, шударга, төвийг сахих, бие даах, сайн дурын, нэгдмэл, түгээмэл байх олон улсын улаан загалмай /улаан хавирган сар/ хөдөлгөөний үндсэн зарчмуудыг;
3.1.3. "Женевийн конвенц" гэж 1949 оны 8 дугаар сарын 12-ны өдөр баталсан "Дайтаж байгаа армийн шархадсан ба өвчтэй цэргийг асран хамгаалах тухай", "Тэнгисийн зэвсэгт хүчний шархдагсад, өвчтөн, хөлөг онгоцны сүйрэлд нэрвэгдэгсдийг асран хамгаалах тухай", "Дайнд олзлогдогсодтой харьцах тухай", "Дайны үед энгийн хүн амыг хамгаалах тухай" Женевийн конвенцуудыг;
3.1.4. "Нэмэлт протоколууд" гэж 1977 оны 6 дугаар сарын 8-ны өдөр баталсан олон улсын зэвсэгт мөргөлдөөнд хэлмэгдэгсдийг хамгаалахтай холбогдсон Нэмэлт, олон улсын бус чанартай зэвсэгт мөргөлдөөнд хэлмэгдэгсдийг хамгаалах тухай Женевийн конвенцийн Нэмэлт протоколуудыг;
3.1.5. "хөдөлгөөний дүрэм" гэж олон улсын улаан загалмай /улаан хавирган сар/ нийгэмлэгүүдийн холбооны бага хурлаар батлагдсан олон улсын улаан загалмай /улаан хавирган сар/ нийгэмлэгийн хөдөлгөөний дүрмийг;
3.1.6. "холбооны үндсэн дүрэм" гэж олон улсын улаан загалмай /улаан хавирган сар/ нийгэмлэгүүдийн холбооны ерөнхий ассамблейн чуулганаар батлагдсан олон улсын улаан загалмай /улаан хавирган сар/ нийгэмлэгүүдийн холбооны үндсэн дүрмийг.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
МУЗН-ИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДАЛ
4 дүгээр зүйл. МУЗН байгуулагдах онцлог
4.1. Олон улсын улаан загалмай /улаан хавирган сар/ хөдөлгөөний дүрэм, үндсэн зарчимд нийцүүлэн Монгол Улсад үндэсний улаан загалмайн нэг нийгэмлэг байгуулагдаж, үйл ажиллагаагаа Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд явуулна.
5 дугаар зүйл. Монголын улаан загалмай нийгэмлэг
5.1. МУЗН нь иргэдээс хөдөлгөөний дүрэм, үндсэн зарчмуудыг зөвшөөрч, тэдгээрийг болон Женевийн конвенц, Нэмэлт протоколуудын зарчим, хэм хэмжээ, үзэл санааг хэрэгжүүлэх, төрийн хүмүүнлэгийн бодлогод дэмжлэг үзүүлэх зорилгоор сайн дурын үндсэн дээр байгуулагдан өөрийгөө удирдах ёсны дагуу үйл ажиллагаа явуулдаг нийгэмд үйлчилдэг төрийн бус, хүмүүнлэгийн байгууллага мөн.
5.2. МУЗН-ийн эрх зүйн байдлыг энэ хуулиар, нийгэмлэг байгуулах, бүртгэх, татан буулгах, түүний үйл ажиллагаа, өмч, санхүүгийн харилцааг Төрийн бус байгууллагын тухай хуулиар, МУЗН-ийн дотоод зохион байгуулалттай холбоотой асуудлыг нийгэмлэгийн дүрмээр зохицуулна.
6 дугаар зүйл. МУЗН-ийн зорилго, чиг үүрэг
6.1. МУЗН-ийн зорилго нь хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах, хүмүүнлэг ёсыг хангахад дэмжлэг, туслалцаа үзүүлэх, хүмүүсийн хоорондын харилцан ойлголцол, нөхөрлөл, хамтын ажиллагааг нь дэмжих, энх тайвныг бэхжүүлэх үйлсэд хувь нэмэр оруулахад оршино.
6.2. МУЗН-ийн чиг үүргийг энэ хуулийн 7.1.-д заасан МУЗН-ийн үйл ажиллагааны үндсэн зарчимд нийцүүлэн МУЗН-ийн дүрмээр тодорхойлно.
7 дугаар зүйл. МУЗН-ийн үйл ажиллагааны үндсэн зарчим
7.1. МУЗН үйл ажиллагаандаа олон улсын улаан загалмай /улаан хавирган сар/ хөдөлгөөний дүрэм, хөдөлгөөний үндсэн зарчмууд, холбооны үндсэн дүрэм болон ил тод байх, хууль дээдлэх зарчмыг удирдлага болгоно.
8 дугаар зүйл. МУЗН-ийн бие даасан байдал
8.1. МУЗН нь хөдөлгөөний дүрэм, холбооны үндсэн дүрэм, Женевийн конвенц, Нэмэлт протоколуудын дагуу үйл ажиллагаагаа төрөөс хараат бус, өөрийгөө удирдах ёсны зарчмыг баримтлан явуулна.
8.2. Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, тэдгээрийн албан тушаалтан, иргэн МУЗН-ийн хүмүүнлэгийн үйл ажиллагаанд саад учруулах, хөдөлгөөний болон холбооны үндсэн дүрмийн зарчимд харшилсан аливаа үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
9 дүгээр зүйл. МУЗН-ийн гишүүн, ажилтны ёс зүй
9.1. МУЗН-ийн гишүүн, ажилтны ёс зүйн хэм хэмжээг олон улсын эрх зүйн холбогдох хэм хэмжээ, МУЗН-ийн дүрмээр зохицуулна.
10 дугаар зүйл. Төрөөс МУЗН-ийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх
10.1. Монгол Улсын Засгийн газрын тухай1 хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу Засгийн газар Женевийн конвенцийн хамаарах хүрээнд дайнд нэрвэгдэгсдэд туслах, зэвсэгт мөргөөлдөөн үүссэн нөхцөлд хэлмэгдэгсдэд болон байгалийн гамшиг, гэнэтийн осол, сүйрэл, нийтийг хамарсан гоц аюулт халдварт өвчинд нэрвэгдэгсдэд яаралтай тусламж, нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх бэлтгэл сургалт зохион байгуулах, эсхүл хүмүүнлэгийн бусад арга хэмжээг хэрэгжүүлэх талаар мэдээлэл, сурталчилгаа хийхтэй холбогдсон зардлыг МУЗН-тэй жил бүр гэрээ байгуулах замаар улсын төсөвт тусгаж санхүүжүүлнэ.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
МУЗН-ИЙН НЭР, БЭЛГЭ ТЭМДЭГ ХЭРЭГЛЭХ ЭРХ
11 дүгээр зүйл. "Улаан загалмай" нэрийг хэрэглэх эрх
11.1. "Улаан Загалмай" гэсэн нэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн МУЗН хэрэглэх эрхтэй.
12 дугаар зүйл. "Улаан загалмай" бэлгэ тэмдгийг хэрэглэх эрх
12.1. Монгол Улсын нутаг дэвсгэрт "Улаан загалмай" бэлгэ тэмдгийг хөдөлгөөний эрх бүхий байгууллагаас баталсан журмын дагуу өөрийн бэлгэдэл болгон хэрэглэх эрхийг МУЗН эдэлнэ.
12.2. Монгол Улсын нутаг дэвсгэрт "Улаан загалмай" бэлгэ тэмдгийг өөрийн далбаанд хэрэглэх эрхийг МУЗН эдэлнэ.
13 дугаар зүйл. "Улаан загалмай" нэр, бэлгэ тэмдгийг хэрэглэхийг хориглох
13.1. "Улаан загалмай" нэр, бэлгэ тэмдгийг энэ хуульд зааснаас бусад тохиолдолд иргэн, хуулийн этгээд хууль бусаар хэрэглэх, тэдгээрийг ямар нэг хэлбэрээр дууриалган үйлдэж ашиглахыг хориглоно.
14 дүгээр зүйл. "Улаан загалмай" нэр, бэлгэ тэмдгийг МУЗН-ийн болон бусад үйл ажиллагаанд хэрэглэх
14.1. МУЗН нь дайн, олон улсын болон олон улсын бус зэвсэгт мөргөлдөөний үед шархдагсад, өвчтөн, олзлогдогсод, хэлмэгдэгсэд, аюул осол, сүйрэлд нэрвэгдэгсэд, энгийн иргэдэд Женевийн конвенц, Нэмэлт протоколуудын дагуу хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, тэдгээртэй адилтгах бусад төрлийн үйл ажиллагаа явуулахдаа тусламж шаардагдаж байгаа хүмүүс болон тусламж үзүүлэгчдийг хамгаалах зорилгоор "Улаан загалмай" нэр, бэлгэ тэмдгийг хэрэглэнэ.
14.2. МУЗН нь байгалийн гамшиг, гэнэтийн осол, сүйрэл тохиолдсон, нийтийг хамарсан гоц аюулт халдварт өвчин гарсан үед хөдөлгөөний үндсэн зарчмуудад нийцсэн үйл ажиллагаа явуулахдаа "Улаан загалмай" нэр, бэлгэ тэмдгийг ялгах тэмдгийн зориулалтаар хэрэглэнэ.
14.3. МУЗН-ийн төв, орон нутгийн байгууллагууд өөрийн байрлаж байгаа, эсхүл хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулж байгаа байшин барилга, тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмжид "Улаан загалмай" нэр, бэлгэ тэмдэг хэрэглэнэ.
14.4. Тайван цагт шархадсан хүн, өвчтөнд эмнэлгийн төлбөргүй тусламж, үйлчилгээ үзүүлдэг эрүүл мэндийн байгууллага, түүний тээврийн хэрэгсэлд "Улаан загалмай" бэлгэ тэмдэг хэрэглэх зөвшөөрлийг МУЗН-ийн удирдах байгууллага олгож болно.
15 дугаар зүйл. Баталгаат тэмдэг хэрэглэх
15.1. МУЗН-ийн төв, орон нутгийн байгууллага нь олон улсын байгууллага, хуулийн этгээд, иргэдээс тус нийгэмлэгийн нэр дээр ирүүлсэн хандив, тусламжийн бараанд "МУЗН" гэсэн баталгаат тэмдэг тавьж, төлбөргүй олгоно.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ
16 дугаар зүйл.МУЗН-ийн эрх зүйн байдлын тухай хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага
16.1. МУЗН-ийн эрх зүйн байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн иргэн,аж ахуйн нэгж, байгууллага хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээнэ.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ
1 Үндсэн хууль-"Төрийн мэдээлэл"-ийн 1992 оны 1 дүгээрт нийтлэгдсэн.
2 Төрийн бус байгууллагын тухай хууль "Ардын эрх" сонины 1997 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн
41, "Төрийн мэдээлэл"-ийн 1997 оны 3 дугаарт нийтлэгдсэн.
3 Донорын тухай хууль "Төрийн мэдээлэл"-ийн 2000 оны 6 дугаарт нийтлэгдсэн.
1 Засгийн газрын тухай хууль "Ардын эрх" сонины 1993 оны 78, "Төрийн мэдээлэл" сэтгүүлийн 1993 оны 3 дугаарт тус тус нийтлэгдсэн
Текст томруулах
A
A
A
