A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ТӨРИЙН ӨМЧИЙН ЭД ХӨРӨНГИЙН БҮРТГЭЛ, ТООЛЛОГЫН АЖЛЫН ДҮНГИЙН ТУХАЙ

1997 оны 5 дугаар сарын 21-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 125

"Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль"-ийн 70 дугаар зүйлийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн шинэчилсэн үнэлгээнд хамрагдаагүй үндсэн хөрөнгийн үнэлгээг дахин хийлгэж, 1998 оноос эхлэн тайлан тэнцэлд тусгуулах арга хэмжээ авахыг Сангийн сайд П.Цагаанд даалгасугай.

2.Төрийн өмчийн хороо байгуулагдах хүртэлх хугацаанд хувьчлагдсан үл хөдлөх хөрөнгийг Төрийн өмчийн хорооноос олгосон тодорхойлолтыг үндэслэн бүртгэх журам тогтоож, мөрдүүлэхийг Хууль зүйн сайд Ж.Амарсанаад даалгасугай.

3.Улсын хэмжээнд төсвөөс санхүүжүүлэн барьж байсан 529978 м2талбай бүхий 521 дуусаагүй барилгыг хувьчлах, гүйцээж барих талаар санал боловсруулж, энэ оны Ш улиралд багтаан Засгийн газарт танилцуулахыг Дэд бүтцийн хөгжлийн сайд Г.Нямдаваад даалгасугай.

4.Улсын хэмжээнд ашиглалтгүй байгаа цэргийн болон тэдгээртэй холбогдол бүхий иргэний объектуудын судалгаа гаргаж, тэдгээрийг худалдах, актлах саналыг энэ онд багтаан боловсруулж Засгийн газарт оруулан шийдвэрлүүлэхийг Батлан хамгаалахын сайд Д.Дорлигжав, Дэд бүтцийн хөгжлийн сайд Г.Нямдаваа, Төрийн өмчийн хорооны дарга З.Энхболд нарт тус тус даалгасугай.

5.Төрийн өмчийн хорооны дарга З.Энхболдод даалгах нь:

а/төрийн өмчийн ашиглалт муутай, эзэнгүй барилга байгууламж, техник, тоног төхөөрөмжийн ашиглалтыг сайжруулах, хувьчлах талаар холбогдох яамдтай хамтран салбар тус бүрээр тодорхой бодлого боловсруулан энэ оны Ш улиралд багтаан Засгийн газарт оруулж шийдвэрлүүлсүгэй;

б/өмч хувьчлах үйл ажиллагаа эхлэхээс өмнө байгуулагдсан олон нийтийн байгууллагын эзэмшиж буй өмч хөрөнгө, байшин барилгад улсын төсвөөс хөрөнгө оруулалт хийсэн эсэхийг тодруулсны үндсэн дээр өмчлөлийн асуудлыг нь шийдвэрлэсүгэй;

в/зохих хууль, журам зөрчиж хувьчлагдсан болон худалдагдсан өмчийн асуудлыг нэг бүрчлэн хянан үзэж, холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэхийн зэрэгцээ өмч хөрөнгийн талаар алдаатай шийдвэр гаргасан албан тушаалтан, төрийн өмчийн эд хөрөнгийг алдаж үрэгдүүлсэн, эвдэж гэмтээсэн, ашиглаж шамшигдуулсан гэм буруутай хүмүүст холбогдох хууль тогтоомжийн дагуу зохих хариуцлага хүлээлгэж хохирлыг нөхөн төлүүлэх, шаардлагатай тохиолдолд шүүхээр шийдвэрлүүлэх арга хэмжээ авсугай;

г/тооллогын явцад маргаантай гэж өмчийн бүртгэлд бүртгэгдсэн хөрөнгийн өмчлөлийн асуудлыг холбогдох яам, аймаг, нийслэлийн Засаг даргатай хамтран нарийвчлан судалж тодруулсны үндсэн дээр зохих шийдвэрийг гаргаж ажилласугай;

д/бэлчээрийн худаг, услалтын системийг балансаас хасч, төв суурин газрын худгийг нийтийн эзэмшлийн зориулалтаар орон нутгийн өмчид шилжүүлэх арга хэмжээ авсугай;

е/төрийн өмчөөс эвдэрч гэмтсэн, чанараа алдсан, эдэлгээний хугацаа дуусч цаашид ашиглах боломжгүй болсон нь мэргэжлийн комиссын дүгнэлтээр тогтоогдсон эд хөрөнгийг актлан устгаж данснаас хасах, үнэ хямдруулан худалдах арга хэмжээ авч, орлогыг улсын төвлөрсөн төсвийн орлого болгох арга хэмжээ авсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН

Сангийн сайд П.ЦАГААН