A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ТӨРИЙН САНГИЙН ТОГТОЛЦООНД ШИЛЖИХ ТУХАЙ

2002 оны 5 дугаар сарын 24-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 101

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улсын төсөвт байгууллагын нягтлан бодох бүртгэлийн албаны бүтцийг төрийн сангийн тогтолцоонд шилжүүлж, Санхүү, эдийн засгийн яамны Төрийн сангийн газар, аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газрын төрийн сангийн хэлтэс, сумын төрийн сангийн төлөөлөгч гэсэн бүтцээр хэрэгжүүлж байхаар тогтоосугай.

2. Төрийн сангийн тогтолцоонд шилжиж байгаатай холбогдуулан "Аймгийн Засаг даргын Тамгын газрын ерөнхий бүтэц, орон тоо, удирдлагын бүдүүвчийг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 2000 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 181 дүгээр тогтоолын 1 дүгээр зүйлд "-Төрийн сангийн хэлтэс" гэж, "Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны бүтцийг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 2000 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 185 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлд "ж/Төрийн сангийн хэлтэс" гэж тус тус нэмсүгэй.

З. Аймаг, нийслэл, дүүргийн төрийн сангийн хэлтсийг дарга, ерөнхий нягтлан бодогч болон тухайн төсөвтэй харилцагч 20 хүртэл төсөвт байгууллага тутамд нэг нягтлан бодогч ажиллахаар тооцож зохион байгуулахыг аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга нарт даалгасугай.

4. Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаанд даалгах нь:

а/Санхүү, эдийн засгийн яамны Төрийн сангийн удирдлага, зохицуулалтын газар, аймаг, нийслэл, дүүргийн төрийн сангийн хэлтэс болон сумын Засаг даргын Тамгын газарт нягтлан бодох бүртгэлийн программ суурилуулж, аймаг, нийслэл, дүүргийн төрийн сангийн хэлтсийг Санхүү, эдийн засгийн яамтай цахим сүлжээгээр холбон төрийн сангийн ажилтнуудыг системтэйгээр сургаж мэргэшүүлж санхүүгийн үйлчилгээ, төлбөр тооцоог шуурхай болгох арга хэмжээг авсугай;

б/төрийн сангийн бүртгэлийн дансыг нээх, хаах болон мөнгөн кассын ажиллагааг шуурхай, чирэгдэлгүй зохицуулах, энэ ажилд хүнд суртал гаргаж үйлчилгээг саатуулсан албан тушаалтанд хариуцлага тооцож ажилласугай;

в/гадаад орон, олон улсын байгууллагаас хандивласан хөрөнгийг тухайн хандивлагчийн тавьсан нөхцөл, болзлыг харгалзан түр хугацаагаар төрийн сангийн дэд дансанд байршуулж төрийн сангийн бүртгэлийн данстай хамт тайлагнаж байх журам тогтоосугай.

5. Төрийн сангийн нэгдсэн дансны тогтолцоонд шилжих ажлын бэлтгэлийг сайтар хангасны үндсэн дээр төлбөр тооцооны үйл ажиллагааг 2002 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн төрийн сангийн бүртгэлийн дансны тогтолцоонд шилжүүлэхийг төсвийн шууд, төвлөрүүлэн болон ерөнхийлөн захирагч нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН