A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ТӨСВИЙН БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГА, САНХҮҮЖИЛТИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

2003 оны 8 дугаар сарын 6-ны өдөр

Дугаар 183

Улаанбаатар хот

ТӨСВИЙН БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГА, САНХҮҮЖИЛТИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Төсвийн удирдлага, менежментийн шинэ тогтолцоог нэвтрүүлж байгаатай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Төсвийн байгууллагын санхүүжилтийг хянаж олгох талаар мөрдөж байгаа журмыг Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай, Нэгдсэн төсвийн тухай хуульд нийцүүлэн шинэчилж энэ оны IҮ улирлаас эхлэн мөрдүүлэхийг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаанд даалгасугай.

2. Төсвийн байгууллагын ерөнхий менежер нь байгууллагынхаа үйл ажиллагааг Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай, Нэгдсэн төсвийн тухай хуулиар олгогдсон эрх, үүргийн хүрээнд удирдан явуулж байгаа эсэх, орон тоо, цалингийн санг тухайн жилийн батлагдсан төсөв, Засгийн газраас баталсан тухайн салбарын орон тооны дээд хязгаарт багтаан тогтоосон эсэх, түүнийгээ хэрхэн мөрдүүлж байгаад хяналт тавьж ажиллахыг эрхэлсэн сайд нарт үүрэг болгосугай.

3. Бүх шатны төсвийн ерөнхийлөн захирагчдад даалгах нь:

а/төсөвт байгууллага, агентлаг нь төлөвлөгөөнөөс давсан өөрийн орлогоор батлагдсан төсвийн санхүүжилтээс гадуур нэмэлт бүтээгдэхүүн нийлүүлэх нөхцөлд Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 13.3-т заасан шаардлагыг хангасан байх зарчмыг мөрдлөг болгосугай;

б/харьяа байгууллагын санхүүжилтийн хуваарьт шаардлагатай тохиолдолд улирлаар зохицуулалт хийж байсугай;

в/харьяа байгууллагын бүтээгдэхүүн нийлүүлэлтийн улирлын тайланд хийсэн нэгдсэн дүгнэлт, танилцуулгыг жил бүрийн 5, 8, 11 дүгээр сарын 10-ны дотор, жилийн эцсийн нэгдсэн тайлан, дүгнэлтийг дараа оны З дугаар сарын 10-ны дотор Санхүү, эдийн засгийн яаманд хүргүүлж байсугай.

4. Төсөвт байгууллага, агентлагийн төсвийн хөрөнгө хэмнэх, өөрийн нэмэлт орлого олох сонирхлыг урамшуулах зорилгоор төсөвт байгууллагын харилцах дансны жилийн эцсийн үлдэгдлийг Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 13.3-т нийцүүлэн тухайн байгууллага нь зарцуулж байх зарчмыг цаашид хэвшил болгохыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаанд үүрэг болгосугай.

5. 2004 онд төрийн өмч, хөрөнгө, улсын өр төлбөрийн бүртгэл, тооллого явуулахтай холбогдуулан зохих бэлтгэлийг хангахыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, Төрийн өмчийн хороо (Л.ПҮРЭВДОРЖ)-нд, тооллого явуулахад шаардагдах зардлыг тооцож ирэх оны төсөвт тусгахыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаанд тус тус даалгасугай. / Засгийн газрын 2003 оны 241 дүгээр тогтоолоор дарсан хэсгийг хүчингүй болгосон /

6. "Төрийн захиргааны шинэчлэл" төслийн 1 дүгээр үе шат хэрэгжиж дууссан, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан "Хөтөлбөрийн хүрээг өргөжүүлэх тухай" Засгийн газрын 2001 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 10 дугаар тогтоолын 1 дүгээр заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН

/ Засгийн газрын 2003 оны 241 дүгээр тогтоолоор оруулсан өөрчлөлт тусгагдсан/