A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ТӨСӨВ САНХҮҮГИЙН БАЙДЛЫГ ЭРҮҮЛЖҮҮЛЭХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

2003 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 240

Монгол Улсын 2003 оны төсвийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах явцад байгаль, цаг уурын хүндрэлээс шалтгаалж улс, орон нутгийн төсөвт үүсч бий болсон зарим хүндрэлийг арилгаж, төсөв, санхүүгийн байдлыг эрүүлжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаанд даалгах нь:

а/бүтцийн өөрчлөлт бүрэн хийгдээгүйтэй холбогдон шинээр үүссэн төсвийн өрийг барагдуулах хөрөнгийн эх үүсвэрийг 2003 оны төсөвт төрийн албанаас чөлөөлөгдсөн хүмүүст олгохоор тусгагдсан бүтцийн өөрчлөлтийн сангаас төсвийн захирагч бүрээр нарийвчлан тооцож олгосугай;

б/тухайн шатны төсвөөс бие дааж барагдуулах бололцоогүй, төлүүлэх тухай шүүхийн шийдвэр гарсан Сэлэнгэ аймгийн төсөвт байгууллагуудын халаалтын зардал 162.0 сая төгрөгийн он дамжсан өрийг 2003 оны төсөвт тусгагдсан өр барагдуулах эх үүсвэрээс, мөн өнгөрсөн өвөл, хаврын цас, зудын хүндрэлээс шалтгаалж хорогдсон 1.2 сая толгой малд ногдох мал бүхий иргэний албан татвараар орон нутгийн төсөвт орох байсан 205.1 сая төгрөгийн татварын орлого, гадаадын иргэнд тусгай төлбөртэйгээр агнуулах ангийн хураамжийн орлогын тасалдал 108.4 сая төгрөг болон амьсгалын цочмог хамшинж өвчин олон улс орныг хамарсны улмаас Япон Улсаас Монгол Улсад жуулчлах жуулчдын тоо эрс буурч Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яамны визийн хураамжийн орлогын 2003 оны төлөвлөгөө их хэмжээгээр тасарснаас цаашид хэвийн ажиллах боломжгүй болсон байдлыг харгалзан үзэж, Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яамны үйл ажиллагаанд дутагдаж байгаа хөрөнгийн эх үүсвэрт зориулж 135.1 сая төгрөг, орон нутгийн төсөвт орох газрын төлбөрийн орлогын эрх зүйн орчин бүрдээгүйгээс үүссэн зөрүү 424.4 сая төгрөг, бүгд 1035.0 сая төгрөгийг 2003 оны төсөвт тусгагдсан болзошгүй эрсдэлийн сангаас тус тус санхүүжүүлсүгэй;

в/нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг 2003 оны төсвийн жилд багтаан татвар төлөгчдөд бүрэн олгож, олон улсын бүртгэлийн стандартын дагуу нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын данс (сөрөг тохируулгын данс)-нд бүртгэсүгэй;

г/2002-2003 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд Төв аймгийн Баян-Өнжүүл, Өндөрширээт, Дэлгэрхаан, Алтанбулаг сумдад олгосон хүн эмнэлгийн түргэн тусламжийн машины үнэ 19.4 сая төгрөгийг Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын төсөвт тусгагдсан төвлөрсөн арга хэмжээний зардалд багтаан санхүүжүүлсүгэй;

д/улсын төсөвт 2002 онд төвлөрүүлэх 707.5 сая төгрөгийн орлогыг Баян-Өлгий, Говьсүмбэр, Дархан-Уул, Орхон, Төв, Увс, Ховд аймгийн Засаг дарга нар түүгээрээ дур мэдэн зарцуулснаас 2003 онд суутган тооцсон 598.2 сая төгрөгийг орон нутгийн төсвийн хүндрэлтэй байдлыг харгалзан үүссэн өрийг нь барагдуулах замаар аймгуудаас тавьсан саналын дагуу буцаан олгосугай;

е/Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлж, зохих бэлтгэлийг хангасны үндсэн дээр 2004 оны төсвийн жилээс эхлэн төсөвт байгууллагуудад амлалтын бүртгэл нэвтрүүлж, төсөвт хөрөнгийн зарцуулалтад бүртгэлээр тавих хяналтыг сайжруулж ажилласугай.

2. Төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгах нь:

а/Засгийн газрын 2002 оны 119 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлж, төрийн албаны шинэчлэлийн хүрээнд бүтцийн өөрчлөлтийг хийж дуусгах арга хэмжээг шуурхай авч, дүнг энэ оны 12 дугаар сарын 20-ны дотор Засгийн газарт танилцуулсугай;

б/Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2004 оны төсвийн жилээс эхлэн амлалтын бүртгэлийн зарчмаар төсвийн санхүүжилтийг хэрэгжүүлж ажилласугай;

в/олон жил бүртгэл, тайланд тусгагдаж байгаа боловч эзэн нь тодорхойгүй, цаашид барагдах найдваргүй авлагын судалгаа гаргаж, хууль хяналтын байгууллагаар хянуулан цэгцлэх арга хэмжээг энэ онд багтаан авсугай;

г/батлагдсан төсвийг хуульчлан биелүүлж, төсөв хэтрүүлэх, төсвийн хөрөнгийг зориулалтын бус зүйлд зарцуулдаг явдлыг таслан зогсоож, үүссэн өр, авлагаа барагдуулах талаар тодорхой ажил зохион байгуулан, цаашид төсвийн өр, авлага гарах бүх нөхцөлийг хааж, дүнгээ жил бүрийн төсвийн гүйцэтгэлийн тайлантай хамт Санхүү, эдийн засгийн яаманд хүргүүлж байсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН