A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСОЛ, МЭРГЭЖЛЭЭС ШАЛТГААЛСАН ӨВЧНИЙ ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖ, ТӨЛБӨРИЙН ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

1994 оны 6 дугаар сарын 7-ны өдөр

Улаанбаатар хот

Энэ хуулийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр баталсан Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцно.

НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСОЛ, МЭРГЭЖЛЭЭС ШАЛТГААЛСАН ӨВЧНИЙ ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖ, ТӨЛБӨРИЙН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

Хэвлэх

Энэ хуулийн зорилт нь Нийгмийн даатгалын тухай хуульд заасны дагуу үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулагчид нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж тогтоож олгох, төлбөр өгөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Үйлдвэрлэлийн осол

Хэвлэх

1. Даатгуулагч хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг үйлдвэрлэлийн осол гэнэ. Даатгуулагч хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа богино хугацаанд цацраг идэвхт буюу химийн бодисын нөлөөгөөр хордохыг хурц хордлого гэнэ. Хурц хордлогыг үйлдвэрлэлийн осолтой адилтган үзнэ.

/Энэ хэсгийг 2000 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/.

2. Дараахь нөхцөл байдалд гарсан үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод даатгуулагч өртсөн тохиолдолд энэ хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгоно:

/Энэ хэсэгт 2000 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/.

1/ ажлын байрандаа болон бусад газарт ажил үүргээ гүйцэтгэх явцад;

2/ ажил эхлэхийн өмнө ажилд бэлтгэх буюу дууссаны дараа ажлын байр, багаж хэрэгслээ эмхэлж цэгцлэх үед;

3/ ажилдаа ирэх, буцах замд.

3. Даатгуулагч хөдөлмөрлөх үүргээ гүйцэтгэвэл зохих хугацаанд дур мэдэн өөр ажил гүйцэтгэх болон ажлын байраа орхиж яваад, түүнчлэн согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсний болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны горимыг санаатай зөрчсөний улмаас осолд өртсөн, гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийн биед гэмтэл учруулсан нь нотлогдсон тохиолдолд түүнд энэ хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгохгүй.

4.Энэ зүйлийн 2, З дахь хэсэгт заасан тохиолдлыг сум, дүүргийн Засаг даргын томилсон байнгын комисс /орон тооны бус/ судлан тогтооно.

Уг комиссын бүрэлдэхүүнд даатгагч, даатгуулагч, ажил олгогчийн ашиг сонирхлыг тэнцүү тоогоор төлөөлсөн төлөөлөгчдийг болон ослын шинж чанартай холбогдсон мэргэжлийн ажилтан, хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийг оролцуулж, төрийн захиргааны байгууллагын төлөөлөгчөөр ахлуулна.

/Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

5. Энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан комиссын дүрмийг Засгийн газар батална.

3 дугаар зүйл. Мэргэжлээс шалтгаалсан өвчин

Хэвлэх

1. Хөдөлмөрлөх явцад үүссэн үйлдвэрлэлийн сөрөг хүчин зүйлийн нөлөөллөөс шалтгаалсан өвчнийг мэргэжлээс шалтгаалсан өвчин гэнэ.

/Энэ хэсгийг 2000 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/.

2. Мэргэжлээс шалтгаалсан өвчний жагсаалт, хувь хэмжээг эрүүл мэндийн болон нийгмийн хамгааллын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага батална.

/Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

4 дүгээр зүйл. Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж, төлбөр

Хэвлэх

Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас даатгуулагчид дор дурдсан тэтгэвэр, тэтгэмж, төлбөр болон хуульд заасан бусад зардлыг санхүүжүүлнэ:

/Энэ зүйлд 2004 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

1/ тахир дутуугийн тэтгэвэр;

2/ тэжээгчээ алдсаны тэтгэвэр;

3/ хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж;

4/ хөдөлмөрийн чадварыг нөхөн сэргээхтэй холбогдсон төлбөр.

5/үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас тахир дутуу болсон даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэл;

/Энэ заалтыг 2004 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн/

6/үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас тахир дутуу болсон даатгуулагчийг сувилах сувиллын газрын даатгуулагчийг сувилахад ногдох тусламж үйлчилгээний хувьсах зардал;

/Энэ заалтыг 2004 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн/

7/үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардал.

/Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/

ХОЁРДУГААР БҮЛЭГ

Тахир дутуугийн тэтгэвэр

5 дугаар зүйл. Тахир дутуугийн тэтгэвэр авах эрх

Хэвлэх

1. Даатгуулагч үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа удаан хугацаагаар буюу байнга алдаж тахир дутуу болсон бол тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй.

2. Даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс тогтооно.

6 дугаар зүйл. Тахир дутуугийн тэтгэврийн хэмжээ

Хэвлэх

1. Тахир дутуугийн тэтгэврийг даатгуулагчийн сарын дундаж хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого /цаашид "Хөдөлмөрийн хөлс" гэх/-оос хөдөлмөрийн чадвараа 10 хүртэл хувиар алдсан бол 10 хувиар, 10-аас дээш хувиар алдсан бол хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээгээр тогтооно.

2. Хөдөлмөрийн чадвараа 30, түүнээс дээш хувиар алдаж тахир дутуу болсон даатгуулагчийн тахир дутуугийн тэтгэврийн хэмжээ нь Засгийн газраас тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 75 хувиас багагүй байна.

3.Тэтгэвэр тогтоолгосон боловч 12 сараас доошгүй хугацаанд ажил, хөдөлмөр эрхэлж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагчийн авч байгаа тэтгэврийн хэмжээг анхны тэтгэвэр тогтоолгосон дундаж цалингаас 12 сар тутамд 1.5 хувиар бодож нэмэгдүүлэн тогтооно.

/Энэ хэсгийг 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн/

7 дугаар зүйл. Тахир дутуугийн тэтгэвэр олгох хугацаа

Хэвлэх

Энэ хуульд заасан тахир дутуугийн тэтгэврийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан хугацаанд олгоно.

8 дугаар зүйл. Тахир дутуугийн тэтгэвэр олгох

Хэвлэх

1.Тахир дутуугийн тэтгэврийг нийгмийн даатгалын байгууллага үйлчлэгч банкаар дамжуулан сар бүр олгоно.

2.Хөдөлмөрийн чадвараа 30 хүртэл хувиар байнга алдсан даатгуулагчийн 6 жилд ногдох, удаан хугацаагаар алдсан даатгуулагчийн эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссоос тогтоосон хугацаанд ногдох тахир дутуугийн тэтгэврийг өөрийнх нь хүсэлтээр нэг удаа олгож болно. Энэ тохиолдолд уг тэтгэврийг тогтоолгосон шалтгаанаар тахир дутуугийн тэтгэвэр авах эрх дуусгавар болно.

9 дүгээр зүйл. Тахир дутуу болсныг нөхөн тогтоох, тэтгэврийг нөхөн олгох

Хэвлэх

1. Эмнэлэг хөдөлмөрийн магадлагааг хүндэтгэн үзэх шалтгаанаар тогтоолгож чадаагүй байсан даатгуулагчийн тахир дутуу болсныг нөхөн тогтоосон бол 6 сараас илүүгүй хугацааны тэтгэврийг нөхөн олгоно.

2. Даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар нь нөхөн сэргээгдэхгүйгээр тогтоогдсон бол тухайн хугацааны тэтгэврийг бүрэн нөхөж олгоно.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

Тэжээгчээ алдсаны тэтгэвэр

10 дугаар зүйл. Тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах эрх

Хэвлэх

1. Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас даатгуулагч нас барсан бол түүний асрамжид байсан гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй.

2. Тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах гэр бүлийн гишүүдийг тогтоохдоо Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийг баримтална.

11 дүгээр зүйл. Тэжээгчээ алдсаны тэтгэврийн хэмжээ

Хэвлэх

Тэжээгчээ алдсаны тэтгэврийг нас барсан даатгуулагчийн авч байсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос дор дурдсан хувь хэмжээгээр тогтооно:

/Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

1/ хөдөлмөрийн чадваргүй хүний тоо 3 ба түүнээс дээш бол 100 хувь;

2/ хөдөлмөрийн чадваргүй хүний тоо 2 бол 75 хувь;

3/ хөдөлмөрийн чадваргүй хүний тоо 1 бол 50 хувь.

12 дугаар зүйл. Тэжээгчээ алдсаны тэтгэвэр олгох хугацаа

Хэвлэх

Энэ хуульд заасан тэжээгчээ алдсаны тэтгэврийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан хугацаанд олгоно.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж

13 дугаар зүйл. Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авах эрх

Хэвлэх

Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдсан даатгуулагч хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авах эрхтэй.

14 дүгээр зүйл. Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийн хэмжээ

Хэвлэх

1.Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдсан даатгуулагчид хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг шимтгэл төлж ажилласан хугацааг үл харгалзан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 1ОО хувиар бодож олгоно.

/Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2. Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг ажлын өдрөөр тооцно.

15 дугаар зүйл. Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж олгох хугацаа

Хэвлэх

1. Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг хөдөлмөрийн чадвар алдсан өдрөөс эхлэн хөдөлмөрийн чадвар нь сэргээгдэх, эсхүл тахир дутуугийн тэтгэвэр тогтоогдох эрх үүсэх хүртэл хугацаанд олгоно.

2. Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж олгох хугацааны дээд хязгаар нь дараалсан 12 сарын дотор 180 хоногоос хэтрэхгүй байна.

3. Хөдөлмөрийн чадвар түр алдсан хугацааг эмнэлгийн байгууллагын эмч нарын зөвлөгөөний шийдвэрээр, зөвлөгөөний шийдвэр гаргах боломжгүй бол эмнэлгийн ерөнхий эмч, эрхлэгч, их эмч тогтооно.

/Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

ТАВДУГААР БҮЛЭГ

Хөдөлмөрийн чадварыг нөхөн сэргээхтэй холбогдсон төлбөр

16 дугаар зүйл. Хөдөлмөрийн чадвар нөхөн сэргээхтэй холбогдсон төлбөр авах эрх

Хэвлэх

Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 30 ба түүнээс дээш хувиар алдсан даатгуулагч хиймэл эрхтэн, засал эмчилгээ /протез, ортопед/ хийлгэх, тэтгэврийн даатгалын шимтгэл төлөх рашаан сувилалд эмчлүүлэхэд үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас хөдөлмөрийн чадвар нөхөн сэргээхтэй холбогдсон төлбөр авах эрхтэй.

/Энэ зүйлд 2004 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

17 дугаар зүйл. Хөдөлмөрийн чадвар нөхөн сэргээхтэй холбогдсон төлбөр, түүнийг олгох

Хэвлэх

1.Даатгуулагч үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас тахир, дутуу болж Монгол Улсад хиймэл эрхтэн, засал эмчилгээ /протез, ортопеди/ хийлгэсэн бол үнийг эхний удаад 100 хувь, цаашид нийгмийн даатгалын шимтгэл үргэлжлүүлэн төлж байгаа бол протез, ортопедийн эдэлгээний хугацаа дууссан тохиолдол бүрт үнийг бүрэн, нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй бол хоёр дахь удаад үнийн 50 хувийг нийгмийн даатгалын байгууллага тус тус нөхөн төлнө.

/Энэ хэсгийг 2004 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

2. Зайлшгүй шаардлагаар мэргэжлийн /гэмтлийн/ эмнэлгийн байгууллагын дүгнэлтийн дагуу засал эмчилгээ /протез,ортопед/-г гадаад оронд хийлгэхэд түүний нэг удаагийн үнийг Монгол Улсад хийдэг хиймэл эрхтэн, засал эмчилгээ (протез, ортопед)-ний жишиг үнийг баримтлан олгож болно. Монгол Улсад хийдэг хиймэл эрхтэн, засал эмчилгээ (протез, ортопед)-ний жишиг үнийн жагсаалтыг эрүүл мэнд болон нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

/Энэ хэсэгт 2004 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

3. Даатгуулагч үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас рашаан сувилалд эмчлүүлж сувилуулбал рашаан болон мэргэжлээс шалтгаалсан өвчтөний сувилалд ирэх, очих унааны зардлыг галт тэрэг, автомашины тухайн үед мөрдөж буй тарифыг үндэслэн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас жилд нэг удаа төлбөр гаргуулж болно.

/Энэ хэсэгт 2004 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

/Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

4.Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас тахир дутуу болсон даатгуулагчийг сувилах сувиллын газрын тусламж үйлчилгээний хувьсах зардлын даатгалын сангаас олгох хэмжээг нийгмийн хамгаалал, болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл тогтооно

/Энэ хэсгийг 2004 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн/

5.Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас тахир дутуу болсон даатгуулагчийг мэргэжлээс шалтгаалсан өвчний сувиллын үйлчилгээнд хамруулах журмыг нийгмийн даатгалын төв байгууллага батална.

/Энэ хэсгийг 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн/

171дугаар зүйл. Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ

Хэвлэх

1.Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлнэ:

1/үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалт;

2/үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэхтэй холбогдсон сурталчилгаа.

2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан арга хэмжээний зардлын хэмжээ, санхүүжүүлэх журмыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл батална.

/Энэ зүйлийг 2008 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/

ЗУРГАДУГААР БҮЛЭГ

Бусад заалт

18 дугаар зүйл. Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж тогтоолгоход бүрдүүлэх баримт бичиг

Хэвлэх

Тэтгэвэр, тэтгэмж тогтоолгоход Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан баримт бичиг болон үйлдвэрлэлийн ослын акт буюу мэргэжлээс шалтгаалсан өвчний тодорхойлолтыг бүрдүүлнэ.

19 дүгээр зүйл. Даатгалын хөнгөлөлт

Хэвлэх

1. Үйлдвэрлэлийн ослыг багасгах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах талаар зохион байгуулалтын тодорхой арга хэмжээ авсны дүнд ажил олгогч 3 жил дараалан үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас төлбөр гаргуулаагүй бол дараагийн жилд төлөх даатгалын шимтгэлийг 10 хувиар хөнгөлж болно.

/Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан болзлыг үргэлжлүүлэн хангасан тохиолдол бүрт хөнгөлөлт 10 хувиар нэмэгдэх боловч түүний дээд хэмжээ нь жилд төлөх шимтгэлийн 50 хувиас хэтэрч болохгүй.

20 дугаар зүйл. Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж, төлбөр тогтоож олгохтой холбогдсон бусад харилцааг зохицуулах

Хэвлэх

Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж, төлбөр тогтоож олгохтой холбогдсон энэ хуулиар зохицуулснаас бусад харилцааг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн холбогдох заалтаар зохицуулна.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н.БАГАБАНДИ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2023 оны 07 сарын 07 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСОЛ, МЭРГЭЖЛЭЭС ШАЛТГААЛСАН ӨВЧНИЙ ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖ, ТӨЛБӨРИЙН ТУХАЙ ХУУЛЬ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.1994 оны 06 дугаар сарын 07-ны өдөр баталсан Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцсугай.

Хэвлэх

2 дугаар зүйл.Энэ хуулийг Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР