- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
2004 оны 5 дугаар сарын 26-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 141
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
"Засгийн газрын Хүндэт өргөмжлөл, гэрчилгээний тодорхойлолт, дүрэм батлах тухай" Засгийн газрын 1997 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 51 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтын 2 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"2. Монгол Улсын Засгийн газрын Хүндэт өргөмжлөлийн гэрчилгээ:
Монгол Улсын Засгийн газрын Хүндэт өргөмжлөлийн гэрчилгээ нь 40х28 см-ийн хэмжээтэй дэлгэмэл хуудсан дээр босоо байрлалтай байх бөгөөд гэрчилгээг жаазанд байрлуулсан байна.
Гэрчилгээний дэлгэмэл хуудсыг тойруулан мөнгөлөг өнгийн түмэн насан хээгээр хүрээлэх бөгөөд хүрээний дотор тал нь бүдэг мөнгөлөг өнгийн түмэн насан хээн дэвсгэртэй байна.
Гэрчилгээний дээд хэсэгт Төрийн сүлд, түүний дор "Мөнх тэнгэрийн хүчин дор Монголын төрд зүтгэмү" гэсэн Эзэн Богд Чингис хааны алтан гэрэгэний бичээсийг шармал өнгөөр бичнэ.
Түүний доод хэсэгт "МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛИЙН ГЭРЧИЛГЭЭ" гэж шармал өнгөөр бичиж доод талд нь гэрчилгээний дугаарыг бичнэ. Монгол Улсын Ерөнхий сайдын эцгийн болон өөрийнх нь нэрийн эхний үсгийг дугаарын индекс болгон хэрэглэнэ.
Түүний доор нь шагнагдаж байгаа хүний эцгийн болон өөрийн нэр, юуны учир шагнах болсныг бичих зай байх бөгөөд дараа нь "Монгол Улсын Засгийн газрын Хүндэт өргөмжлөлөөр шагнаж гэрчилгээ олгов. Танд эрүүл энх, аз жаргалыг хүсье." гэсэн үгийг бичнэ. Түүний доод хэсэгт нь Монгол Улсын Ерөнхий сайд гарын үсэг зурахаар албан тушаалын нэр, гарын үсгийн тайллыг бичиж хэвлэсэн байна.
Гэрчилгээний доод хэсэгт Засгийн газрын Хүндэт өргөмжлөлөөр шагнагдсан он, сар, өдөр болон Улаанбаатар хот гэж бичнэ".
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A
