A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

1994 оны 6 дугаар сарын 9-ний өдөр

Улаанбаатар хот

Энэ хуулийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр баталсан Нийгмийн даатгалын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцно.

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛИУДЫГ ХЭРЭГЛЭХ ЖУРМЫН ТУХАЙ

1 дүгээр зүйл. Хууль хүчин төгөлдөр болох

Хэвлэх

Нийгмийн даатгалын тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулиуд /цаашид "Нийгмийн даатгалын тухай хуулиуд" гэх/-ыг 1995 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

2 дугаар зүйл. Хөнгөлөлттэй тэтгэвэр тогтоолгох эрх хадгалагдах

Хэвлэх

/Энэ зүйлийг 1997 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

3 дугаар зүйл. Нийгмийн даатгалд даатгуулсанд тооцох

Хэвлэх

Нийгмийн даатгалын тухай хуулиуд хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд ажиллагчдын цалингийн сангаас нийгмийн даатгалын шимтгэл төлсөн төр, хувийн өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллага, түүний дотор хоршооллын байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр ажилласан бүх иргэнийг мөн хугацаанд нийгмийн даатгалд /ажилгүйдлийн даатгалаас бусад төрөлд/ даатгуулсанд тооцож уг хугацааг тухайн иргэний шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцно. Үүнд хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүдийн нэгдэлдээ ажилласан, байлдагч, түрүүчээр цэргийн жинхэнэ алба хаасан хугацаа нэгэн адил хамаарна.

/Энэ зүйлд 1996 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

31 дугаар зүйл. Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хувь тэнцүүлсэн тэтгэврийн хэмжээ

Хэвлэх

Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэврийн хэмжээ нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тогтоосон бүрэн тэтгэврийн доод хэмжээтэй тэнцүү байна.

/Энэ зүйлийг Монгол Улсын 2006 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/

32 дугаар зүйл.Нийгмийн даатгалын хуулиудыг дагаж мөрдөхөөс өмнө тэтгэвэр тогтоолгосон иргэний тэтгэврийг индекслэх

Хэвлэх

1.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг дүйцүүлэн тооцох итгэлцүүрийг хэрэглээний үнийн өөрчлөлт, цалин хөлсний өсөлттэй уялдуулан Үндэсний статистикийн хороо, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газар жил бүр шинэчлэн тогтооно.

2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан итгэлцүүрийг хэрэглэх журмыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн нийгмийн даатгалын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

/Энэ зүйлийг 2012 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/

33 дугаар зүйл.Тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ

Хэвлэх

1.Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ 2017 онд тус бүр 7.0 хувь, 2018 онд тус бүр 8.0 хувь, 2019, 2020 онд тус бүр 8.5 хувь, 2021  оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл тус бүр 9.5 хувь, 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн тус бүр 8.5 хувьтай байна.

/Энэ хэсэгт 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсэгт 2021 оны 6 дугаар сарын 11-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

2.Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан сайн дураар даатгуулагчийн тэтгэврийн даатгалд сард төлбөл зохих шимтгэлийн доод хэмжээ нь 2017 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10.0 хувиас, 2018 онд 11.0 хувиас, 2019, 2020 онд 11.5 хувиас, 2021  оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл 12.5 хувиас, 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 11.5 хувиас багагүй байна.

/Энэ зүйлийг 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ хэсэгт 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсэгт 2021 оны 6 дугаар сарын 11-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

4 дүгээр зүйл. Хууль хүчин төгөлдөр болох

Хэвлэх

Энэ хуулийг 1995 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н.БАГАБАНДИ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2023 оны 07 сарын 07 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛИУДЫГ ХЭРЭГЛЭХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛЬ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.1994 оны 06 дугаар сарын 09-ний өдөр баталсан Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийг хүчингүй болсонд тооцсугай.

Хэвлэх

2 дугаар зүйл.Энэ хуулийг Нийгмийн даатгалын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР