- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТЭТГЭМЖ, ТУСЛАМЖИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ТЭТГЭМЖ, ТУСЛАМЖИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
2002 оны 12 дугаар сарын 25-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 262
Нийгмийн халамжийн тухай хууль, Ахмад настан, түүнд үзүүлэх хөнгөлөлт, үйлчилгээний тухай хуулийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Бүтэн өнчин хүүхэд үрчлэн авч, өсгөн хүмүүжүүлж байгаа эх /эцэг/-д нийгмийн халамжийн сангаас улирал тутам олгох тэтгэмжийн хэмжээг 49500 төгрөгөөр, нийгмийн халамжийн сангаас олгох жирэмсний болон амаржсаны нэг сарын тэтгэмж, нярай хүүхдийн арчилгааны нэг удаагийн тэтгэмж, 1939 оны Халх голын байлдаан, 1945 оны чөлөөлөх дайн, улсын баруун хил дээр 1940-1948 онд болсон зэвсэгт тулгаралтад оролцсон ахмад настан болон түүнд амь үрэгдсэн дайчны эхнэр, нөхөр, Монгол Улсын ардын болон гавьяат цолтон ахмад настан, Ардын хувьсгалын партизан, Монгол Улсын баатар, Хөдөлмөрийн баатар ахмад настанд олгох тусламжийн нэг удаагийн хэмжээг тус тус 24750 төгрөгөөр, байнгын асрамжид байдаг 16 хүртэл насны тахир дутуу хүүхдээ асарч байгаагийн улмаас хөдөлмөр эрхэлдэггүй бөгөөд нэн ядуу амьдралтай өрхийн гишүүн, асран хамгаалагч (нэг хүн)-д хүүхдээ асрахад нь зориулж сар бүр олгох тусламжийн хэмжээг 18450 төгрөгөөр, олон хүүхэдтэй өрхийн нэг хүүхдэд жил бүр олгох тэтгэмжийн хэмжээг 6000 төгрөгөөр тус тус тогтоож 2003 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн мөрдүүлсүгэй.
2. Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан "Нийгмийн халамжийн хуулиудыг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 1999 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 36 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан "Ахмад настанд хөнгөлөлт үзүүлэх тухай журам"-ын 7 дугаар заалтын "...хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцсон нэг сарын хөлстэй тэнцэх", 11-ийн "б" заалтын "хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх" гэснийг тус тус хүчингүй болсонд тооцож 4 дүгээр хавсралтаар баталсан "Тахир дутуу иргэнд үзүүлэх нийгмийн халамжийн үйлчилгээний тухай журам"-ын 8 дугаар заалтын "...тухайн үеийн амьжиргааны доод түвшингийн 75 хувьтай тэнцэх" гэснийг "Засгийн газраас тогтоосон" гэж өөрчилсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ш.БАТБАЯР
Текст томруулах
A
A
A
