- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТУЖИЙН НАРСНЫ ОЙГ НӨХӨН СЭРГЭЭХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ТУЖИЙН НАРСНЫ ОЙГ НӨХӨН СЭРГЭЭХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
2002 оны 3 дугаар сарын 27-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 51
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Байгаль орчны сайд У.Барсболдод даалгах нь:
а/Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Шаамар, Сүхбаатар сумын хил залгаа нутаг дэвсгэрийн зарим хэсгийг хамарсан Тужийн нарсны ойг нөхөн сэргээх ажлыг 2002 оноос эхлэн эрчимтэй зохион байгуулж, энэ ажилд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг өргөнөөр татан оролцуулах арга хэмжээ авч ажилласугай;
б/Тужийн нарсны ойг нөхөн сэргээх төсөл хэрэгжүүлж хандив, тусламжаар хөрөнгө оруулах талаар гадаад орон, олон улсын байгууллагатай идэвхтэй хамтран ажиллаж, хамтын ажиллагааг өргөжүүлэх арга хэмжээ авсугай.
2. Тужийн нарсны ойг нөхөн сэргээх, таримал ойг түймэр, хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөллөөс хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэхэд гадаад орон, олон улсын байгууллагаас олгож байгаа хандив, тусламж, төслийн нөхцөл, болзолтой уялдуулан Монголын талаас гаргах хөрөнгийн эх үүсвэрийг тухай бүр шийдвэрлэж байхыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, Байгаль орчны сайд У.Барсболд нарт даалгасугай.
3. Тужийн нарсны ойг нөхөн сэргээх, уг ойд арчилгаа, цэвэрлэгээ явуулж түлшний модны хэрэгцээг хангах, мод боловсруулах жижиг үйлдвэрлэл эрхлэх зэрэг ажилд хөдөлмөр эрхлээгүй иргэдийг татан оролцуулж, ажлын байр шинээр бий болгох арга хэмжээг төв, орон нутгийн мэргэжлийн байгууллагатай хамтран авахыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ш.Батбаяр, Байгаль орчны сайд У.Барсболд нарт даалгасугай.
4. Тужийн нарсны ойг нөхөн сэргээх ажилд өөрсдийн санаачилгаар оролцож байгаа иргэд, аж ахуйн нэгж, байгууллагыг шаардагдах үр, тарьц, суулгацаар хангах, талбайг хуваарилан хөрсийг боловсруулах, хаягжуулах, мэргэжлийн зөвлөлгөө өгөх, дэмжлэг үзүүлэх, ойжуулалт хийсэн талбайн хамгаалалт, арчилгааг нь тодорхой аж ахуйн нэгж, иргэдэд хариуцуулан явцыг хянаж үр дүнг тооцох, энэ талаар нийтэд сурталчлах зэрэг арга хэмжээ авч байхыг Байгаль орчны сайд У.Барсболд, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Р.Нямсүрэн нарт үүрэг болгосугай.
5. Тужийн нарсны ойг нөхөн сэргээх арга хэмжээний хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж шаардагдах хөрөнгийг гарган Тужийн нарсны ойг нөхөн сэргээхэд зориулсан мод үржүүлгийн газруудыг өргөжүүлэх, шинээр байгуулах замаар сайн чанарын үр, тарьцны нөөцтэй болох арга хэмжээ авахыг Сэлэнгэ аймгийн Засаг дарга Р.Нямсүрэнд даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Байгаль орчны сайд У.БАРСБОЛД
Текст томруулах
A
A
A
