- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨСВИЙН ҮР АШИГГҮЙ ЗАРДЛЫГ БУУРУУЛАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2002 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр
Дугаар 200
Улаанбаатар хот
ТӨСВИЙН ҮР АШИГГҮЙ ЗАРДЛЫГ БУУРУУЛАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Төсвийн үр ашиггүй зардлыг бууруулах, төсвийн хөрөнгийн зарцуулалттай холбогдон гарч байгаа нийтлэг дутагдлыг арилгах, төсвийн санхүүжилтийн үр ашгийг дээшлүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1. Үндэсний их баяр наадам-Ардын хувьсгалын ойн баярын арга хэмжээнд зориулан төсвөөс гаргах нийт санхүүжилтийн жишиг дээд хэмжээг аймагт 3500 /гурван сая таван зуун мянга/ мянган төгрөгөөр, суманд 850 /найман зуун тавин/ мянган төгрөгөөр тус тус тогтоож, эрийн гурван наадамд тэргүүн байр эзэлсэн бөх, морьд /уяачид/, сур харваачдад төсвөөс олгох бай, шагналын жишиг хэмжээг хавсралт ёсоор баталсугай./1 дэх заалтыг ЗГ-ын 2010 оны 271-р хүчингүй болгосон/
2. Орон нутгийн чанартай наадам, урлагийн тоглолт, спортын төрөл бүрийн тэмцээн зохион байгуулах, уул, овоо тахих ёслол болон салбарын ойг тэмдэглэхтэй холбогдсон зардлыг төсөв, бизнес төлөвлөгөөндөө тусгахгүй, тусгасан ч өөрийн орлогоо давуулсан нэрийдлээр төсөв хэтрүүлэн төрийн өмчийн байгууллагын болон төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэхийг хориглосугай.
3. Тухайн жилийн батлагдсан төсөвт тусгагдаагүй хөрөнгө оруулалтын чанартай засвар, үйлчилгээ хийх, автомашин, тавилга, тоног төхөөрөмж худалдан авахыг хориглохыг төсвийн байгууллагын бүх шатны эрх захирагч, төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн эрх баригчдад даалгасугай.
4. Засгийн газрын гишүүн, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурлын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын удирдлага, аймаг, нийслэлийн Засаг дарга, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга, дэд сайд, яамдын Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн дарга, төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн гүйцэтгэх захирал, тэдгээртэй адилтгах албан тушаалтнуудаас ёслол, хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулахдаа Засгийн газрын 1994 оны 76 дугаар тогтоолын З дугаар хавсралтаар батлагдсан "Хүндэтгэлийн зоог барих болон ёслол хүндэтгэлийн бусад арга хэмжээг зохион байгуулахад согтууруулах ундаа хэрэглэх журам"-д заагдсан хэмжээг баримтлах, бусад тохиолдолд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосугай.
5. Яам, Засгийн газрын агентлаг, төсөвт байгууллагууд төв, орон нутгийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан төсвийн хөрөнгөөр олон нийтэд зайлшгүй мэдээлэх албан ёсны шийдвэр болон хууль тогтоомж хэрэгжүүлэхтэй холбогдсон мэдээллээс бусад өөрийн байгууллага, хамт олныг сурталчлах, танилцуулга явуулах, телевизийн шоу уралдаан, тэмцээн зохион байгуулахыг хориглосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Санхүү,эдийн засгийн сайд Ч.УЛААН
Текст томруулах
A
A
A
