- Нүүр
- Монгол Улсын хууль
- НИЙСЛЭЛИЙН АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ТУХАЙ /Энэ хуулийг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2011 оны 2 дугаар сарын 10-ны өдөр
Улаанбаатар хот
/Энэ хуулийг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
НИЙСЛЭЛИЙН АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ТУХАЙ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хууль тогтоомж
2.1.Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль[1], Агаарын тухай[2], Агаарын бохирдлын төлбөрийн тухай[3], Эрчим хүчний тухай[4], Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль[5], энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
3 дугаар зүйл.Хуулийн нэр томъёоны тодорхойлолт
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1."агаарын бохирдол" гэж Агаарын тухай хуулийн 3.1.2-т заасныг;
3.1.2."агаар бохирдуулах бодис" гэж Агаарын тухай хуулийн 3.1.5-д заасныг.
4 дүгээр зүйл.Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагаа, үндсэн зарчим
4.1.Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад дараахь үйл ажиллагааг тодорхой үе шаттайгаар хэрэгжүүлнэ:
4.1.1.эрчим хүчний эх үүсвэр, гэр хорооллын цахилгаан дамжуулах болон түгээх сүлжээг өргөтгөх, хүчин чадлыг нэмэгдүүлэх;
4.1.2.гэр хороололд агаарын чанарыг сайжруулах бүс тогтоож, эрчим хүчний үнийг урамшууллын хэлбэрээр зохицуулах;
4.1.3.гэр хорооллын айл өрхөд шаардлагатай эрчим хүчний болон бусад хөнгөлөлт, үйлчилгээг хүргэх ажлыг нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх;
4.1.4.нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад дэвшилтэт техник, технологи нэвтрүүлсэн, шинэ санаачилга гаргасан айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагад дэмжлэг үзүүлэх;
4.1.5.гэр хорооллын айл өрхийн газрыг барьцаалах, эдийн засгийн эргэлтэд оруулах замаар уул уурхайн баялгаас бий болох хөрөнгөөс урт хугацаатай, бага хүүтэй зээлийг олгож үл хөдлөх эд хөрөнгө, барилга, орон сууц барих бололцоо, нөхцөл бүрдүүлэх;
4.1.6.орон нутагт хөрөнгө оруулалт, ажлын байр нэмэгдүүлэх, бүсийн нэмэгдлийг бий болгож айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагыг нийслэлээс орон нутагт шилжих таатай нөхцөл бүрдүүлэх;
4.1.7.бүсчилсэн хөгжлийн тулгуур төв болон нийслэлийн алслагдсан дүүргийг хөгжүүлэх бодлогыг эрчимтэй хэрэгжүүлж, нийслэлийн хүн амын төвлөрлийг сааруулах.
4.2.Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагаанд дараахь үндсэн зарчим баримтална:
4.2.1.түүхий нүүрсийг ахуйн зориулалтаар хэрэглэхээс татгалзаж, цахилгаан, газрын гүний дулаан, хагас коксон болон хийн түлшний хэрэглээнд тулгуурлах;
4.2.2.хууль тогтоомж зөрчсөн албан тушаалтан, аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд хуульд заасан хариуцлага хүлээлгэх;
4.2.3.нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээг төр, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн нэгдмэл үйл ажиллагаагаар хэрэгжүүлэх.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
НИЙСЛЭЛИЙН АГААРЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ БҮС, УРАМШУУЛЛЫН ТОГТОЛЦОО
5 дугаар зүйл.Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүс тогтоох
5.1.Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нийслэлийн Засаг даргатай хамтран тогтоож, энэ талаар нийтэд мэдээлнэ.
5.2.Энэ хуулийн 5.1-д заасан агаарын чанарыг сайжруулах бүсийг жил бүр шинэчлэн тогтооно.
6 дугаар зүйл.Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад иргэний оролцоо, урамшуулал
6.1.Дараахь нөхцөл, шалгуурын аль нэгийг хангасан айл өрхөд энэ хуулийн 10.1.4-т заасан урамшуулал олгоно:
6.1.1.стандартын шаардлага хангасан дулаалгатай гэр, амины орон сууцтай;
6.1.2.цахилгаан дамжуулах, түгээх шугам сүлжээнд холбогдож цахилгаан халаагуур хэрэглэж байгаа;
6.1.3.бүх төрлийн хийн түлшээр ажилладаг халаалттай;
6.1.4.газрын гүний дулаан, нар, салхины болон бусад сэргээгдэх эрчим хүчийг ашиглаж байгаа;
6.1.5.стандартын шаардлага хангасан шахмал болон хагас коксон түлш, сайжруулсан зуух, яндангийн шүүлтүүр хэрэглэж байгаа;
6.1.6.байгаль орчинд ээлтэй эрчим хүчний хэмнэлттэй байшин, амины орон сууцтай;
6.1.7.түлш хэмнэх замаар хүлэмжийн хийн ялгарлыг багасгаж, энэ чиглэлийн дотоод, гадаадын хөнгөлөлттэй зээл, тусламж, төсөл, хөтөлбөрт хамрагдаж байгаа;
6.1.8.бусад.
7 дугаар зүйл.Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд хориглох зүйл
7.1.Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:
7.1.1.түүхий нүүрс болон агаар бохирдуулах бусад хаягдал зүйлс шатаах;
7.1.2.зориулалтын бус газарт хог хаягдал хаях, ил задгай шатаах;
7.1.3.агаар бохирдуулах бодис ялгаруулдаг үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх;
7.1.4.энэ хуулийн 10.1.4-т заасан урамшуулал бүхий цахилгаан эрчим хүчийг ахуйн зориулалтаас бусад хэлбэрээр ашиглах;
7.1.5.стандартын шаардлага хангаагүй цахилгаан халаах хэрэгсэл ашиглах.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
НИЙСЛЭЛИЙН АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХАД ОРОЛЦОГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ
8 дугаар зүйл.Улсын Их Хурлын бүрэн эрх
8.1.Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах талаар Улсын Их Хурал дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
8.1.1.нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахтай холбогдсон хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих;
8.1.2.энэ хуулийг хэрэгжүүлэхэд шаардлагатай төсвийг баталж, зарцуулалтад хяналт тавих;
8.1.3.хуульд заасан бусад бүрэн эрх.
9 дүгээр зүйл.Ерөнхийлөгчийн бүрэн эрх
9.1.Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах талаар Ерөнхийлөгч дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
9.1.1.нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах бодлогын хэрэгжилтийг зохицуулах, үйл ажиллагааны харилцан уялдааг хангахад хяналт тавих үүрэг бүхий Үндэсний хороог байгуулж ажиллуулах;
9.1.2.хуульд заасан бусад бүрэн эрх.
9.2.Энэ хуулийн 9.1.1-д заасан Үндэсний хорооны бүрэлдэхүүн, ажиллах журмыг Ерөнхийлөгчийн зарлигаар батална.
9.3.Үндэсний хороо нь Ажлын албатай байна. Ажлын алба нь байнгын цахим мэдээллийн сүлжээг ажиллуулж, иргэд тогтмол мэдээлэл авах боломжийг хангана.
9.4.Ажлын албаны үйл ажиллагааны зардлыг Улсын төсвөөс санхүүжүүлнэ.
10 дугаар зүйл.Засгийн газрын бүрэн эрх
10.1.Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах талаар Засгийн газар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
10.1.1.нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад шаардагдах төсвийн төслийг боловсруулж батлуулах;
10.1.2.нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан батлуулж, жил бүр Улсын Их Хуралд тайлагнах;
10.1.3.нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын цахилгаан дамжуулах, түгээх шугам сүлжээг өргөтгөх, хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавих;
10.1.4.нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хороололын энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан нөхцөл, шалгуурын аль нэгийг хангасан айл өрхөд цахилгаан, эрчим хүчний үнийг 50 хувиар бууруулах урамшууллын арга хэмжээг авч, зөрүүг улсын төсвөөс санхүүжүүлэх;
10.1.5.нийслэлийн гэр хорооллын айл өрхийг цахилгаан халаагуураар халаахад шаардлагатай цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх дэд бүтцийн найдвартай ажиллагааг хангах, сайжруулахад чиглэсэн багц арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
10.1.6.нийслэлийн нутаг дэвсгэрт ажиллаж байгаа нам даралтын зуухыг хэсэгчилсэн халаалтын системд холбох, цахилгаан эрчим хүч, хий, коксон түлшээр халаах технологи нэвтрүүлэх;
10.1.7.агаарын бохирдлыг бууруулах, дулаан алдагдлыг багасгах, цахилгаан эрчим хүч хэмнэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад урамшуулал олгох;
10.1.8.нийслэлийн хүн амын төвлөрлийг сааруулах зорилгоор хот орчмын суурьшлын бүс, алслагдсан дүүргийг хурдны авто зам, цахилгаан төмөр зам, гүүр, эрчим хүч, инженерийн шугам сүлжээ бүхий дэд бүтцийг бий болгох замаар хөгжүүлэх төлөвлөгөөг боловсруулан батлуулж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
10.1.9.нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг Засгийн газрын болон нийслэлийн бонд гаргах, бусад санхүүгийн эх үүсвэрийг дайчлах замаар шийдвэрлэх;
10.1.10.энэ хуулийн 10.1.4, 10.1.7-д заасан урамшууллыг олгох журам батлах;
10.1.11.гэр болон барилга, байгууламжийн дулаалгын нэгдсэн стандарт боловсруулан батлуулж, мөрдүүлэх;
10.1.12.нийслэлийн агаарын бохирдлын хэмжээ, урьдчилсан мэдээг өдөр тутам нийтэд мэдээлэх.
10.1.13.хуульд заасан бусад бүрэн эрх.
11 дүгээр зүйл.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх
11.1.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
11.1.1.нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд зарцуулах тухайн жилийн орон нутгийн төсвийг батлах;
11.1.2.нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах талаархи нийслэлийн Засаг даргын ажилд хяналт тавих;
11.1.3.нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой айл өрхийг гэр, байшингийн дулаалга, сайжруулсан зуух, агаар бохирдуулдаггүй шахмал, хагас коксон болон шингэрүүлсэн хийн түлшээр хангах асуудлыг шийдвэрлэх;
11.1.4.хуульд заасан бусад бүрэн эрх.
12 дугаар зүйл.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үүрэг
12.1.Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага дараахь үүрэг хүлээнэ:
12.1.1.нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хууль тогтоомжийг дагаж мөрдөх;
12.1.2.түүхий нүүрс болон агаар бохирдуулах бусад зүйлс шатаахгүй байх;
12.1.3.агаарын бохирдлыг бууруулах техник, технологи, шингэрүүлсэн хийн түлш, бусад эх үүсвэрийг ашиглах.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ
13 дугаар зүйл.Хяналтын тогтолцоо
13.1.Энэ хуулийн хэрэгжилт, нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр батлагдсан нэгдмэл стандартын хэрэгжилтэд мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хяналт тавина.
14 дүгээр зүйл.Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага
14.1.Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хууль тогтоомжид заасан бүрэн эрх, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл хангалтгүй биелүүлсэн бол тухайн шатны албан тушаалтанд Төрийн албаны тухай хуульд заасан арга хэмжээ авна.
14.2.Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хууль тогтоомж зөрчсөн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад Агаарын тухай, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
14.3.Энэ хуулийг зөрчиж хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд ноцтой хохирол учруулсан гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх буюу хохирлыг нөхөн төлүүлнэ.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
1] Монгол Улсын Үндсэн хууль – “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 1992 оны 1 дугаарт нийтлэгдсэн.
[2] Агаарын тухай хууль – “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2010 оны 29 дугаарт нийтлэгдсэн.
[3] Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль – “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2010 оны 29 дугаарт нийтлэгдсэн.
[4] Эрчим хүчний тухай хууль – “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2001 оны 6 дугаарт нийтлэгдсэн.
[5] Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль – “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 1994 оны 9 дугаарт нийтлэгдсэн.
Текст томруулах
A
A
A
