A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР ХУДАЛДАН АВАХ БАРАА,АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГҮЙЦЭТГЭГЧ СОНГОХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ /Засгийн газрын 2006 оны 22 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР ХУДАЛДАН АВАХ БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГҮЙЦЭТГЭГЧ СОНГОХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ /Засгийн газрын 2006 оны 22 дугаар тогтоолоор хүчингүй/

2000 оны 6 дугаар сарын 28-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 101

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэгч сонгох журмын тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1."Бараа, ажлын гүйцэтгэгчийг сонгоход баримтлах тусгай журам"-ыг 1 дүгээр хавсралтаар, "Зөвлөхийг сонгоход баримтлах тусгай журам"-ыг 2 дугаар хавсралтаар, "Худалдан авах ажиллагаанд оролцогч төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ"-г 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэгч сонгох журмын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, арга зүйн удирдлагаар хангах, хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах худалдан авах ажиллагааны журам, заавар, тендерийн жишиг бичиг баримт, үлгэрчилсэн гэрээ болон шаардлагатай бусад баримт бичгийг боловсруулж мөрдүүлэх, холбогдох хууль тогтоомж, журмуудыг сурталчлах, хэвлүүлэх, төрийн албан хаагчдын дунд өргөн хүрээтэй сургалт зохион байгуулах ажлыг холбогдох байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэхийг Сангийн сайд Я.Очирсүхэд даалгасугай.

3.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэгч сонгох журмын тухай хууль, түүнийг дагалдаж гарах дүрэм, журам, заавар, жишиг бичиг баримт болон худалдан авах ажиллагаанд оролцогч төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг нэг мөр дагаж мөрдүүлэх талаар шаардлагатай арга хэмжээг авч ажиллахыг сайд, бүх шатны Засаг дарга, 50-иас дээш хувийн төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой үйлдвэрийн газрын удирдлагад үүрэг болгосугай.

4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Төсөл шалгаруулах журам батлах тухай" Засгийн газрын 1995 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 38 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай. Үүнтэй холбогдуулан яам, агентлагуудаас батлан гаргаж мөрдүүлж буй тендер шалгаруулалттай холбоотой журам, дүрмүүдийг хүчингүй болсонд тооцохыг сайд, агентлагийн дарга, бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Р.АМАРЖАРГАЛ

Сангийн сайд Я.ОЧИРСҮХ