- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ҮЗЛЭГ, ТООЛЛОГЫН ДҮНГИЙН ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ҮЗЛЭГ, ТООЛЛОГЫН ДҮНГИЙН ТУХАЙ
2001 оны 6 дугаар сарын 11-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 127
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 8 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1. Төвлөрсөн төсвийн хөрөнгө оруулалттай төсөл, гадаадын зээл, тусламжийн судалгааг нарийвчлан гаргаж тэдгээрийн хүрээнд шинээр бий болсон төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийг үнэлэх, бүртгэх, ашиглалт, хамгаалалтыг сайжруулах арга хэмжээ авахыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, Төрийн өмчийн хороо (Л.ПҮРЭВДОРЖ), аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
2. 1997, 2001 оны төрийн өмчийн үзлэг, тооллогоор маргаантай өмчийн бүртгэлд орсон 1 дүгээр хавсралтад заасан байгууллагуудын хөрөнгөд төсвөөс хөрөнгө оруулалт хийгдсэн эсэхийг хянан үзэж өмчлөгчийн эрхийг нь баталгаажуулах асуудлыг эцэслэн шийдвэрлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, Төрийн өмчийн хороо (Л.ПҮРЭВДОРЖ)-нд даалгасугай.
3. "Аймаг, нийслэлийн өмчлөлд эд хөрөнгө шилжүүлэх тухай" Улсын Их Хурлын 1999 оны 29 дүгээр тогтоолоор орон нутгийн өмчлөлд шилжсэн боловч нэгдсэн бодлогоор зохицуулагдаж төрийн өмчлөлд байх ёстой 2 дугаар хавсралтад дурдсан зарим байгууллага, аж ахуйн нэгжийг төрийн мэдэлд шилжүүлэн авах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу эрх бүхий байгууллагад нь тавьж шийдвэрлүүлэхийг холбогдох сайд, Төрийн өмчийн хороо (Л.ПҮРЭВДОРЖ)-нд даалгасугай.
4. Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой байгууллага, аж ахуйн нэгжүүдэд төсөвтэй холбогдож үүссэн өр төлбөрийг барагдуулах талаар тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, Төрийн өмчийн хороо (Л.ПҮРЭВДОРЖ)-нд даалгасугай.
5. Төрийн өмчийн хороо (Л.ПҮРЭВДОРЖ)-нд даалгах нь:
а/үзлэг, тооллогод хамрагдаагүй, эзэнгүйдсэн, алдаж үрэгдүүлсэн, тооллогын явцад өмчлөлийн талаар маргаан гарсан З дугаар хавсралтад дурдсан эд хөрөнгийн өмчлөгчийг холбогдох яам, аймаг, нийслэлийн Засаг даргатай хамтран нарийвчлан судалсны үндсэн дээр тогтоож, шаардлагатай бол асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх арга хэмжээ авсугай;
б/үзлэг, тооллогын явцад шинээр илрүүлсэн эд хөрөнгийн эзэмшлийг тодруулсны үндсэн дээр үнэлж, бүртгэх ажлыг зохион байгуулсугай.
6. Аймаг, нийслэлийн өмчлөлд байгаа эд хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалтад бүртгэлээр тавих хяналтыг сайжруулах, хувьчлахаар санал болгож байгаа эд хөрөнгийн жагсаалтыг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэхээр оруулахын өмнө холбогдох яам, тусгай газрын саналыг авч Төрийн өмчийн хороотой зөвшилцөж байхыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
7. Төрийн өмчит зарим аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшилд байгаа цөм сүргийн тоо толгойн бүрэн бүтэн байдлыг нарийвчлан тогтоож, өмчлөлийн маргаантай асуудлыг нь шийдвэрлэх, төрийн өмчийн цөм сүргийн малыг эзэмшиж, гардан өсгөн үржүүлж байгаа аж ахуйн нэгж, иргэдтэй гэрээ байгуулан ажиллуулах талаар арга хэмжээ авч, гэрээний хэрэгжилтэд хяналт тавин ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Насанжаргал, Төрийн өмчийн хороо (Л.ПҮРЭВДОРЖ)-нд үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН
Текст томруулах
A
A
A
