A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ЭД ХӨРӨНГИЙН БҮРТГЭЛ, ТООЛЛОГО, ҮНЭЛГЭЭ ЯВУУЛАХ ТУХАЙ

2003 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 241

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн бүртгэл, тооллого, үнэлгээний ажлыг удирдан зохион байгуулах Улсын комисс (цаашид "Улсын комисс" гэх)-ын бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор баталсугай.

2. Санхүү, эдийн засгийн сайд, Улсын комиссын дарга Ч.Улаанд даалгах нь:

а/төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн бүртгэл, тооллого, үнэлгээний ажлыг жил бүрийн 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон явуулж байхаар тогтоосугай;

б/төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн бүртгэл, тооллого, үнэлгээний ажлыг анхнаас нь чанартай зохион байгуулахын тулд 2003 оны 12 дугаар сард багтаан холбогдох журам, зааврыг шинэчлэн боловсруулан баталж улсын хэмжээгээр нэгдсэн журмаар мөрдүүлэхээр холбогдох байгууллагад хүргүүлэх арга хэмжээ авсугай;

в/Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн улсын бүртгэл, тооллого, үнэлгээний ажлын нэгдсэн дүнг Засгийн газрын жилийн эцсийн санхүүгийн тайланд тусган Засгийн газраар хэлэлцүүлэн Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 37.5-д заасан хугацаанд Улсын Их Хуралд танилцуулах арга хэмжээ авч ажилласугай.

З. Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн улсын бүртгэл, тооллого, үнэлгээний ажлыг 2004 онд зохион байгуулахад шаардагдах 19.758.380 (арван есөн сая, долоон зуун тавин найман мянга, гурван зуун наян) төгрөгийг 2003 оны улсын төсвийн хуваарилагдаагүй зардлаас гаргахыг зөвшөөрч, цаашид уг арга хэмжээнд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тооцож тусгаж ажиллахыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаанд даалгасугай.

4. Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн бүртгэл, тооллого, үнэлгээний ажлын бэлтгэлийг ханган аймаг, нийслэл, сум, дүүрэг болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд бүртгэл, тооллого, үнэлгээний ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссыг тус бүр томилон ажиллуулж, бүртгэл, тооллого, үнэлгээний ажлын дүнгийн тухай тайлан, мэдээг төсвийн ерөнхийлөн захирагч бүрээр болон аймаг, нийслэлээр нэгтгэн жил бүрийн 2 дугаар сард багтаан Улсын комисст ирүүлэхийг сайд, агентлагийн дарга болон аймаг, нийслэлийн Засаг дарга, төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгасугай.

5. Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн бүртгэл, тооллого, үнэлгээний жил бүрийн дүн мэдээгээр төрийн болон орон нутгийн өмчийн мэдээллийн санг бүрдүүлж ажиллахыг Төрийн өмчийн хороо (Л.ПҮРЭВДОРЖ), аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

6. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Төрийн өмчийн эд хөрөнгийн бүртгэл, тооллого явуулах журам, заавар, маягтууд батлах тухай" Засгийн газрын 1997 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 29 дүгээр тогтоол, "Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2003 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 183 дугаар тогтоолын 5 дахь зүйлийн "... тооллого явуулахад шаардагдах зардлыг тооцож ирэх оны төсөвт тусгахыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаанд ..." гэснийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН