A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ТӨРИЙН ХОЛБООНЫ АШИГЛАЛТЫГ САЙЖРУУЛЖ, ТӨСӨВТ ЗАРДЛЫГ ХЭМНЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

2004 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 10

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1. Төрийн холбооны суурь сүлжээнд холбогдох техникийн нөхцөл бүрдсэн төр, захиргааны байгууллагуудын жагсаалтыг хавсралт ёсоор баталж, эдгээр байгууллагын холбооны үйлчилгээг хэвийн тасралтгүй явуулах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор холболтыг шуурхай хийж, төрийн холбооны систем, сүлжээний аюулгүй байдлыг хангаж ажиллахыг Тагнуулын ерөнхий газрын дарга М.Батсайханд, төрийн холбооны сүлжээг нийтийн хэрэглээний холбооны сүлжээнүүдтэй холбох арга хэмжээ авч ажиллахыг Дэд бүтцийн сайд Б.Жигжидэд тус тус даалгасугай

2. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, яам, агентлагуудын албан ажлын хэрэгцээнд гар утас хэрэглэх эрх бүхий албан тушаалтнуудыг төрийн холбооны гар утсаар энэ оны 2 дугаар сарын 15-ны дотор хангахыг Тагнуулын ерөнхий газрын дарга М.Батсайханд үүрэг болгосугай.

3. Дээрх арга хэмжээг авч хэрэгжүүлсэнтэй холбогдуулан төсөвт байгууллагуудын холбооны зардлыг 40 хувиар, гар утас хэрэглэх эрх бүхий албан тушаалтнуудын гар утасны лимитийг 50 хувиар тус тус хэмнэх зарчмыг 2004 оны төсвийн жилд баримтлан ажиллахыг төрийн холбооны суурь сүлжээнд холбогдсон байгууллагуудын төсвийн ерөнхий менежерүүдэд даалгасугай.

4. Төрийн холбооны суурь сүлжээнд холбогдсон төр, захиргааны байгууллагуудын төрийн холбооны сүлжээгээр дамжиж гарсан харилцан холболтын буюу орсон, гарсан ярианы тооцоог "МЦХ", "Мобиком", "Скайтел" зэрэг үйлчлэгч байгууллага болон үйлчлүүлэгч байгууллага нэг бүрээр ярианы үргэлжилсэн хугацааг тулгаж, төлбөрийн гүйцэтгэл, зөрүүг тооцон гаргаж байхыг Тагнуулын ерөнхий газрын дарга М.Батсайхан, тооцоог хянан үзэж санхүүжилтийг суутган тооцож байхыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч М.Энхболд нарт тус тус даалгасугай.

(Энэ тогтоолыг 2011-11-09-ний 312-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН

Дэд бүтцийн сайд Б.ЖИГЖИД