A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

1999 оны 6 дугаар сарын 4-ний өдөр

Дугаар 91

Улаанбаатар хот

ТӨСВИЙН ОРЛОГЫГ БҮРДҮҮЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Төсвийн орлого бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

Нэг. Үйл ажиллагааг боловсронгуй болгох талаар

1.Бэлэн мөнгөөр худалдаа үйлчилгээ явуулдаг бүх газарт 2000 онд багтаан кассын систем нэвтрүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан энэ оны 7 дугаар сараас эхлэн үе шаттайгаар хэрэгжүүлэхийг Сангийн сайд Я.Очирсүхэд даалгасугай.

2.Бэлэн мөнгөний гүйлгээг цэгцлэх зорилгоор иргэд гар дээрээс валют солих үйл ажиллагааг журамлан валют солих үйлчилгээний цэгүүдийг банк, санхүүгийн байгууллагын харьяалал, хяналтан дор зохион байгуулах арга хэмжээг 6, 7 дугаар сард багтаан авч хэрэгжүүлэхийг Монгол банкны ерөнхийлөгч Ж.Үнэнбатад зөвлөж, Сангийн сайд Я.Очирсүх болон Засаг дарга нарт даалгасугай.

3.Аж ахуйн нэгж,байгууллагын тайлан тэнцлийн гаргалтын байдалд дүн шинжилгээ хийх, мэдээ мэдээллийг үнэн зөв гаргах,хувьчлагдсан аж ахуйн нэгжийн үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр байнгын хяналтын тогтолцоо бий болгох арга хэмжээ авахыг Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд Ч.Содномцэрэн, Дэд бүтцийн хөгжлийн сайд Г.Батхүү, Төрийн өмчийн хорооны дарга Д.Зоригт, Үндэсний татварын ерөнхий газрын дарга Ж.Баасандаш нарт үүрэг болгосугай.

Хоёр. Ажлын хариуцлага, дэг журмыг сайжруулах талаар

1.Татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа, ажил үйлчилгээг санаатайгаар нуусан, бууруулсан байж болзошгүй аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн үйл ажиллагаанд хуулийн хүрээнд хяналт, шалгалт хийж, улсын хэмжээнд татварын хууль тогтоомжийг адил тэгш, жигд сахиулах, төсвийн орлогыг бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэхийг Сангийн яам, Үндэсний татварын ерөнхий газар, бүх шатны Засаг дарга нарт даалгасугай.

2.Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг хугацаанд нь олгох талаар онцгой анхаарч ажиллахыг бүх шатны Засаг дарга нарт даалгасугай.

3.Гааль, татвар, шимтгэл, өмч хувьчлалын орлого бүрдүүлэлттэй холбогдсон асуудлаар нэхэмжлэл гаргах эрхтэй байгууллагаар нь судалгаа хийлгэж, дүнг нэгтгэн Засгийн газрын нэрийн өмнөөс шүүхэд хүсэлт гаргах ажлыг зохион байгуулахыг Хууль зүйн сайд Л.Цог, Сангийн сайд Я.Очирсүх нарт даалгасугай.

Гурав. Зохион байгуулах ажлын талаар

1.Нийгмийн даатгалын шимтгэл, гаалийн болон бусад албан татварыг барагдуулах, төлөвлөгөөт зорилтоо биелүүлэх чиглэлд эрчимтэй,тодорхой арга хэмжээ хамтран зохион байгуулж дүнг 7 дугаар сарын 5-ны дотор танилцуулахыг Үндэсний татварын ерөнхий газрын дарга Ж.Баасандаш, Улсын нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Ц.Сүхбаатар, Гаалийн ерөнхий газрын дарга Т.Лхагваа, Төрийн өмчийн хорооны дарга Д.Зоригт нарт даалгасугай.

2.Төсвийн орлого бүрдүүлэхтэй холбогдсон хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих орон тооны бус зөвлөлийг 1999 он дуустал түр хугацаагаар байгуулж, түүний бүрэлдэхүүнийг 1 дүгээр хавсралтын, ажиллах журмыг 2 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.

3.Хууль бусаар орлогын эх үүсвэр бүрдүүлж өмч хувьчлалаар объект худалдан авсан, татварын болон банкны зээлийн өр, төлбөрөө барагдуулаагүй этгээдэд хариуцлага хүлээлгэх эрх зүйн тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр холбогдох хуульд зохих нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулахыг Хууль зүйн сайд Л.Цог, Төрийн өмчийн хорооны дарга Д.Зоригт нарт даалгасугай.

4.Орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ эрхлэгч иргэний орлогын албан татварын хуульд хамрах хүрээг нь өргөтгөх чиглэлээр нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг энэ оны 6 дугаар сард багтаан боловсруулахыг Сангийн сайд Я.Очирсүх, Үндэсний татварын ерөнхий газрын дарга Ж.Баасандаш нарт даалгасугай.

5.Энэхүү тогтоолын биелэлтэд байнгын хяналт тавьж улирал тутам Засгийн газарт мэдээлж ажиллахыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Батбаярт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.НАРАНЦАЦРАЛТ

Сангийн сайд Я.ОЧИРСҮХ

Хууль зүйн сайд Л.ЦОГ