- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨСЛҮҮДИЙН ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ТӨСЛҮҮДИЙН ТУХАЙ
1997 оны 3 дугаар сарын 12-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 70
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1.Засгийн газрын Удирдлагын хөгжлийн хөтөлбөр төрийн захиргаа, төрийн албыг шинэчлэх талаар тавигдсан зорилтыг хэрэгжүүлэхэд үр ашигтай дэмжлэг үзүүлснийг тэмдэглэхийн зэрэгцээ уг хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх ажлыг мэргэжлийн удирдлагад нь ойртуулж, зохицуулалтын шуурхай байдлыг хангах, өөрчлөлт шинэчлэлтийн шинэ зорилттой уялдуулан тодотгож үр өгөөжийг нь улам дээшлүүлэх шаардлагыг харгалзан, түүний удирдлага, зохион байгуулалтын нэгдсэн тогтолцоог задлан дор дурдсан харьяаллаар үргэлжлүүлэн хэрэгжүүлсүгэй:
а/"Төрийн захиргаа, төрийн албаны өөрчлөлт шинэчлэл", "Төвлөрлийг сааруулж нутгийн захиргааг бэхжүүлэх", "Нягтлан бодох бүртгэл, хөндлөнгийн хяналт", "Өмч хувьчлал, үйлдвэрийн газрын өөрчлөн байгуулалт" төслүүдийг Сангийн яаманд;
б/"Хувийн хэвшлийг бэхжүүлэх" төслийг Хөдөө аж ахуй, үйлдвэрийн яаманд;
в/"Удирдлагын сургалт, боловсролын байгууллагуудыг бэхжүүлэх" төслийг Гэгээрлийн яаманд;
г/"Төрийн удирдлагын мэдээллийн тогтолцоо" төслийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт.
2.Төслүүдийг цаашид хэрхэн үргэлжлүүлэх асуудлыг нягтлан боловсруулж, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, түүний Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газар, хандивлагч орон, олон улсын байгууллагатай тохиролцон хэрэгжүүлэхийг холбогдох сайд, газрын дарга нарт даалгасугай.
3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Удирдлагын хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 1993 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 199 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД М.ЭНХСАЙХАН
САНГИЙН САЙД П.ЦАГААН
Текст томруулах
A
A
A
