- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТУЛГАР ТӨР БАЙГУУЛАГДСАНЫ 800 ЖИЛИЙН ИХ ОЙГ ТЭМДЭГЛЭХТЭЙ ХОЛБОГДСОН ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ТУЛГАР ТӨР БАЙГУУЛАГДСАНЫ 800 ЖИЛИЙН ИХ ОЙГ ТЭМДЭГЛЭХТЭЙ ХОЛБОГДСОН ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
2005 оны 6 дугаар сарын 22-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 136
Монгол Улсын Тулгар төр байгуулагдсаны 800 жилийн их ойн арга хэмжээг бэлтгэх, тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг удирдан зохион байгуулах Үндэсний хорооны саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1. Монгол Улсын Тулгар төр байгуулагдсаны 800 жилийн их ой тэмдэглэх арга хэмжээний хүрээнд Төрийн ордныг өргөтгөн урд талд нь "Чингис хааны дурсгалын болон онгон шүтээний ёслол хүндэтгэлийн цогцолбор", Төрийн ордны ард талд нь "Монгол төрийн тамга" хөшөө байгуулахыг зүйтэй гэж үзсүгэй
2. "Чингис хааны дурсгалын болон онгон шүтээний ёслол хүндэтгэлийн цогцолбор" байгуулахтай холбогдуулан Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нарын шарилыг бунхнаас Алтан-Өлгийд шилжүүлэн байршуулах ажлыг зохион байгуулах комиссын бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор баталсугай
3. "Монгол төрийн тамга" хөшөө байгуулахтай холбогдуулан Ж.Самбуугийн шарилыг Төрийн ордны ард байрлах Ардын хувьсгалын талбайгаас Алтан-Өлгийд шилжүүлэн байршуулах асуудлыг Улсын Их Хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтод даалгасугай.
4. Шарил шилжүүлэн байршуулах ажлыг ёслол хүндэтгэлтэйгээр гүйцэтгэхийг Комисст даалгасугай.
5. Нээлттэй тендер шалгаруулалтыг явуулахад шаардагдах хугацаа хангалтгүй байгааг харгалзан Алтан-Өлгийд хийгдэх барилга, зам талбай, тохижилтын ажлын гүйцэтгэгчийг сонгох ажиллагаанд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэгч сонгох журмын тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан тусгайлсан тендер шалгаруулалтын журмыг хэрэглэхийг Монгол Улсын Тулгар төр байгуулагдсаны 800 жилийн их ойн арга хэмжээг бэлтгэх, тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг удирдан зохион байгуулах Үндэсний хороонд зөвшөөрсүгэй.
6. Ойн арга хэмжээнд бэлтгэх, тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдон гарах зардлыг улсын төсөвт тусгагдсан хэмжээгээр санхүүжүүлж, гүйцэтгэлээр нь хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Н.Алтанхуягт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.БАЯРЦОГТ
Текст томруулах
A
A
A
