- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТУСЛАМЖИЙН ЗАРИМ ХӨРӨНГИЙГ “МОНГОЛЫН ЦАХИЛГААН ХОЛБОО” ХК-ИЙН НЭМЭЛТ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАД ТООЦОХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ТУСЛАМЖИЙН ЗАРИМ ХӨРӨНГИЙГ "МОНГОЛЫН ЦАХИЛГААН ХОЛБОО" ХК-ИЙН НЭМЭЛТ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАД ТООЦОХ ТУХАЙ
2001 оны 6 дугаар сарын 27-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 135
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 4 дэх заалт, Төрийн өмчийг 2001-2004 онд хувьчлах үндсэн чиглэлийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1. Азийн хөгжлийн банк, "Нордикийн сан"-гаас Монгол Улсын Засгийн газарт буцалтгүй тусламжаар "МОН-1300" төслийн хүрээнд "Монголын цахилгаан холбоо" ХК-ийн мастер төлөвлөгөөг боловсруулах, олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандартыг нэвтрүүлэх, боловсон хүчний сургалт, техникийн лабораторийг байгуулах зэрэг 1 дүгээр хавсралтад дурдсан ажил, үйлчилгээг гүйцэтгэсэн хөрөнгө оруулалт болон хөдөө орон нутгийн сум-багийн холбоожилтод зориулан Япон Улсын Засгийн газраас буцалтгүй тусламжаар өгч байгаа 2 дугаар хавсралтад заасан радио холбооны станц, түүний дагалдах төхөөрөмж зэргийг тус тус дахин үнэлэж, "Монголын цахилгаан холбоо" ХК-ийн өмчлөлд Компанийн тухай хуулийн дагуу шилжүүлэх арга хэмжээ авахыг Төрийн өмчийн хорооны дарга Л.Пүрэвдоржид үүрэг болгосугай.
2. Сум-багийн холбоожилтод зориулан "Монголын цахилгаан холбоо" ХК-ийн өмчлөлд шилжүүлж байгаа энэ тогтоолын 2 дугаар хавсралтад заасан радио станцыг сумын Засаг дарга, хүн эмнэлэг, багууд болон бусад хэрэглэгчдэд түрээслэх төлбөр болон үйлчилгээний тарифын хэмжээг уг тоног, төхөөрөмжийн хэвийн найдвартай ажиллагааг хангах зорилгоор хийх засвар үйлчилгээнд гарах зардлыг нөхөх хэмжээнд тогтоон мөрдүүлэхийг Дэд бүтцийн сайд Б.Жигжидэд даалгасугай.
3. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмжийг "Монголын цахилгаан холбоо" ХК-ийн өмчлөлд шилжүүлж байгаатай холбогдуулан уг хувьцаат компани дахь Монголын талын төрийн мэдлийн хувьцааны хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу тавьж шийдвэрлүүлэх арга хэмжээ авахыг Төрийн өмчийн хорооны дарга Л.Пүрэвдоржид даалгасугай.
4. Монголын талын хувьцааны хэмжээг нэмэгдүүлэхтэй холбогдуулан "Кореа Телеком" компани өөрийн эзэмшлийн хувьцааны хэмжээг хувь тэнцүүлэн нэмэгдүүлэх хүсэлтэй бол холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэхийг Төрийн өмчийн хорооны дарга Л.Пүрэвдоржид зөвшөөрсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Дэд бүтцийн сайд Б.ЖИГЖИД
Текст томруулах
A
A
A
