A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ТЭНЭМЭЛ АМЬДРАЛТАЙ ИРГЭДИЙГ НИЙГЭМШҮҮЛЭХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

2003 оны 6 дугаар сарын 4-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 138

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1. Тэнэмэл амьдралтай иргэдийг нийгэмшүүлэх дэд хөтөлбөрийг 1 дүгээр хавсралт, хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулан түүнд хяналт тавьж ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Дэд бүтцийн сайд Б.Жигжид, Эрүүл мэндийн сайд П.Нямдаваа, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ш.Батбаяр нарт даалгасугай.

3. Тэнэмэл амьдралтай иргэдийн "Түр хоноглох байр", залуучуудад мэргэжил олгох, дадлагажуулах "Амьдрах ухаан-сургалт үйлдвэрлэлийн тусгай төв"-ийг тус тус зохион байгуулахыг Нийслэлийн Засаг дарга М.Энхболдод даалгасугай.

4. Тэнэмэл амьдралтай иргэдийн Түр хоноглох байрны засварт шаардагдах 17.0 (арван долоон) сая төгрөг, Амьдрах ухаан-сургалт үйлдвэрлэлийн тусгай төвийн барилгыг худалдан авах, засварлахад шаардагдах 160.0 (нэг зуун жаран) сая төгрөг, уг төвийн үйл ажиллагааны зардалд шаардагдах 80.0 (наян) сая төгрөг буюу нийт 257.0 (хоёр зуун тавин долоон) сая төгрөгийг тусгай сургалттай ерөнхий боловсролын сургууль байгуулахаар тусгагдсан хөрөнгөөс гаргахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид зөвшөөрсүгэй.

5. Тэнэмэл амьдралтай иргэдийг ажлын байраар хангах, тэдгээрийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаар Улаанбаатар хотын захирагчийн дэргэдэх Ус суваг ашиглалтын газар, "Дэвшил трэйд" ХХК зэрэг байгууллагаас гаргасан санаачлагыг дэмжиж, цаашид энэ талаар хөдөлгөөн өрнүүлж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

6. Дулааны бүх павильон, цооногийг бэхлэх арга хэмжээ авч, тэнэмэл амьдралтай иргэдийг Түр хоноглох байранд шилжүүлж байхыг Дэд бүтцийн сайд Б.Жигжид, Нийслэлийн Засаг дарга М.Энхболд, Цагдаагийн ерөнхий газрын дарга Д.Сандаг-Очир нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.НЯМДОРЖ

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ш.БАТБАЯР