A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ТҮР ЭЗГҮЙ БАЙГАА МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮНИЙ АЖИЛ ҮҮРГИЙГ ХАВСРАН ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ

1997 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 1

Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 4, 20 дугаар зүйлийн 6 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Түр эзгүй байгаа Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүний үүргийг хууль, энэ тогтоолын хавсралтад заасан хуваарийг баримтлан Ерөнхий сайдаас албан ёсоор шилжүүлсний дагуу хавсран гүйцэтгэж байхаар журамласугай.

2.Дараахь тохиолдолд Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнийг түр эзгүй байгаа гэж үзсүгэй:

а/эрүүл мэндийн хувьд бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсныг эмнэлгийн дүгнэлтийг үндэслэн Засгийн газрын хуралдаанаар хүлээн зөвшөөрсөн;

б/өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон;

в/түр эзгүй гэж өөрөө албан ёсоор үзсэн.

З.Засгийн газрын гишүүн нь энэ тогтоолын 2 дугаар зүйлийн "а", "в"-д заасан тохиолдолд Ерөнхий сайд болон Засгийн газрын бусад гишүүний үүргийг Ерөнхий сайдаас олгосон хүрээнд хэрэгжүүлж, хариуцлагыг хүлээж байхаар тогтоосугай.

4.Энэ тогтоолын 2 дугаар зүйлийн "б"-д заасан тохиолдолд болон Засгийн газрын гишүүн огцорсон, нас нөгчсөн, хүсэлтээрээ чөлөөлөгдсөн, түүнчлэн уг гишүүний үүргийг өөрөө хавсран гүйцэтгэх нь зүйтэй гэж үзсэн бол түүний бүрэн эрхийг Ерөнхий сайд хэрэгжүүлж байхаар тогтоосугай.

5.Түр эзгүй байгаа батлан хамгаалахын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний үүргийг Ерөнхий сайд хавсран гүйцэтгэх нь зүйтэй гэж үзсүгэй.

6.Ерөнхий сайд түр эзгүй байгаа Засгийн газрын гишүүний үүргийг өөрөө хавсран гүйцэтгэсэн тохиолдолд бүрэн эрхийг нь хэрэгжүүлж байх нь зүйтэй гэж үзсүгэй.

7."Монгол Улсын Засгийн газрын гишүүний үүргийг хавсран гүйцэтгэх Засгийн газрын гишүүний хуваарь"-ийг хавсралтын ёсоор баталсугай.

8.Түр эзгүй байгаа Засгийн газрын гишүүний үүргийг хуваарьт заасан Засгийн газрын гишүүн хавсран гүйцэтгэх боломжгүй бол Засгийн газрын насаар хамгийн ахмад гишүүнд хариуцуулж байсугай.

9.Засгийн газрын гишүүн нь Ерөнхий сайд болон Засгийн газрын бусад гишүүний үүргийг хэрэгжүүлж байхдаа Засгийн газрын тогтоол, захирамж, тухайн яамны албан бичигт "Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч бөгөөд ... н сайд", "... сайд бөгөөд ... сайдын үүрэг гүйцэтгэгч" гэж гарын үсэг зурж байсугай.

10.Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн ажилдаа эргэж орсон тухай ажил үүргийг нь хавсран гүйцэтгэж байгаа Засгийн газрын гишүүнд мэдэгдсэнээр түүний түр эзгүй байдал дуусгавар болсонд тооцож байсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД М.ЭНХСАЙХАН

ХУУЛЬ ЗҮЙН САЙД Ж.АМАРСАНАА

/2000 оны 177 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон//