- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨМӨР ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ТЭЭВРИЙН ХЭВИЙН АЖИЛЛАГААГ ХАНГАХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ТӨМӨР ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ТЭЭВРИЙН ХЭВИЙН АЖИЛЛАГААГ ХАНГАХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
1995 оны 2 дугаар сарын 3-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 17
Төмөр замын хөдөлгөөнд ноцтой аюул учруулахад хүргэж болох аливаа үйлдлээс сэргийлэх, зорчигч, ачаа тээвэрлэлтийн найдвартай ажиллагааг хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Төмөр замын тээврийн улсын хяналтын дүрэм"-ийг хавсралтын ёсоор баталж, уг асуудлыг хуулиар зохицуулах хүртэл хугацаанд түр мөрдүүлсүгэй.
2.Нутаг дэвсгэрээр нь төмөр зам дамжин өнгөрдөг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгах нь:
а)төмөр замын өртөө, буудалд галт тэрэг ирэх, явах үеэр нийтийн хэв журам сахиулах, эмх замбараагүй байдал, хулгай дээрэм гаргуулахгүй байхад чиглэгдсэн тодорхой арга хэмжээг цагдаагийн байгууллагатай хамтран авч, энэ талаар тавих хяналтыг сайжруулж ажилласугай;
/б хэсэг 1997 оны 9 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
З.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн төмөр замын тээврийн хөгжлийн бодлого, чиглэлийн төслийг мэргэжлийн зохих түвшинд боловсруулах, төмөр замын хөдөлгөөний аюулгүй байдал, тээвэрлэлтийн хэвийн ажиллагааг хангах, энэ ажилд хяналт тавих, нутгийн захиргааны байгууллагатай харилцан ажиллаж, тэдгээрт мэргэжил, арга зүйн удирдлага, туслалцаа үзүүлэх, зохих мэдээлэл өгөх, төмөр замын тээврийн салбарт холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж биелэлтийг хангуулах үүргийг гэрээний үндсэн дээр Улаанбаатар төмөр замын Хэрэг эрхлэх газраар гүйцэтгүүлж байхыг Дэд бүтцийн хөгжлийн сайд Р.Сандалханд зөвшөөрсүгэй.
4.Дэд бүтцийн хөгжлийн яам (Р.САНДАЛХАН),Улаанбаатар төмөр замын Хэрэг эрхлэх газар (Р.РАШ)-т даалгах нь:
а)төмөр замын салбарт ажлын хариуцлага, дэг журмыг бэхжүүлэх, тээврийн үйлчилгээг хэрэглэгч, үйлчлүүлэгчдийн эрх ашигт нийцүүлэн зохион байгуулах, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, үүнтэй холбогдуулан галт тэрэгний суудал, даац хэтрүүлэх, улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон буюу зохих журмын дагуу холбогдох байгууллагаас зөвшөөрөл аваагүй барааг нууж тээвэрлэх, вагоноос ачаа хулгайлах, вагоны эд ангийг эвдэлж гэмтээх, галт тэрэгний зам дээр элдэв зүйл тавих зэрэг аливаа зөрчил гаргуулахгүй байх бүх талын арга хэмжээг холбогдох байгууллагуудтай хамтран авч хэрэгжүүлсүгэй;
б)төмөр замаар ачаа, зорчигч, тээш тээвэрлэхэд болон төмөр замын өртөө, зөрлөгт ажиллахад баримтлах дотоод дүрэм, зааврыг шинэчлэн зохих журмын дагуу батлуулж мөрдүүлсүгэй;
в)төмөр зам дээр гарч болзошгүй аливаа осол, зөрчлөөс сэргийлэх үүднээс төмөр зам болон түүний салааг эзэмшигч, хэрэглэгч байгууллагын зам засварын түлхүүр, хадаас сугалагч, вагоны ивүүр зэргийг хяналтад авч, тэдгээрийг бүртгэлтэй болгож харилцан хүлээлцдэг журам тогтоож мөрдүүлсүгэй.
5.Төмөр замын хилийн өртөөд дээр суудлын галт тэргэнд хийх үзлэг шалгалтыг Монгол улсын нэгдэн орсон Олон улсын гэрээ хэлэлцээрээр тогтоосон хугацаанд багтаан хийж байх зохион байгуулалтын арга хэмжээ авахыг Гаалийн ерөнхий газар (Б.ШАРАВСАМБУУ), Хилийн цэргийг удирдах газар (П.СҮНДЭВ)-т даалгасугай.
6.Хил, гаалийн зөрчил гаргасан иргэд, байгууллагын гэм буруугаар гадаадын төмөр замын тээврийн хэрэгслийг саатуулснаас улсад учруулсан хохирлыг тухайн иргэд, байгууллагаас хууль тогтоомжийн дагуу нэхэмжлэн гаргуулж байхыг Улаанбаатар төмөр замын Хэрэг эрхлэх газар (Р.РАШ)-т даалгасугай.
7.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Ардын аж ахуйтныг төмөр замын барилгын шугамаас холдуулан нүүлгэх ажлыг зохиох тухай" БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл (хуучин нэрээр) -ийн 1948 оны З дугаар сарын 18-ны өдрийн 71 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ
Дэд бүтцийн хөгжлийн сайд Р.САНДАЛХАН
/Засгийн газрын 2003 оны 256 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Текст томруулах
A
A
A
