A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ТАХИР ДУТУУ ИРГЭДЭД ЗАРИМ ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ

1992 оны 5 дугаар сарын 6-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 75

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Тахир дутуу иргэдэд дор дурдсан хөнгөлөлт эдлүүлж байхаар тогтоосугай.

/Энэ хэсгийн "а" Засгийн газрын 1996 оны 125-р тогтоолоор хүчингүй болгосон./

б/ хараагүй, хөлгүй, гаргүй иргэдийг эмнэлэг, хүнсний дэлгүүр, эмийн сан, хот хоорондын болон ахуйн тээвэр, онгоц, шуудан холбоо, ахуйн үйлчилгээний цэг, салбарт дараалал харгалзахгүй үйлчилж байх; /Энэ хэсгийн зарим заалт Засгийн газрын 1997 оны 154-р тогтоолоор хүчингүй болсон./

в/ зориулалтын тэргэнцэр шаардлагатай хүүхэд, иргэдэд эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр нэг удаа тэргэнцрийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгох.

2.Аймаг, хотын Ардын Хурлын гүйцэтгэх захиргаанд даалгах нь:

а/ тахир дутуу хүмүүсийг орон сууцаар хангах асуудлыг жил бүрийн төлөвлөгөө, хөрөнгө оруулалтынхаа бодлогод тусгаж байсугай;

б/ энэ тогтоолын 1 дүгээр зүйлийн "а", "б" заалтад хамрагдах хүмүүст хөнгөлөлт үзүүлэхэд шаардагдах зардлыг орон нутгийн жил бүрийн төсөвт тусгаж байсугай.

3.Энэ тогтоолын 1 дүгээр зүйлийн "в" заалтад хамрагдах иргэд төрөлхийн болон ердийн өвчин, ахуйн ослын улмаас тахир дутуу болсон бол шаардагдах хөрөнгийг улсын төсвөөс; үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас тахир дутуу болсон бол тухайн иргэдийн осолд орох, мэргэжлээс шалтгаалах өвчнөөр өвчлөх үедээ ажиллаж байсан аж ахуйн нэгж, байгууллагаас; бусдын буруутай үйлдлийн улмаас эрүүл мэндийн хувьд хохирч тахир дутуу болсон бол гэм буруутай этгээдээс шүүхийн шийдвэрийг үндэслэн гаргуулж байхаар тогтоосугай.

4.Энэ тогтоолын 1 дүгээр зүйлийн "а", "в", З дугаар зүйлийг хэрэгжүүлэхтэй холбогдсон журам гаргаж мөрдүүлэхийг Хөдөлмөрийн яам, Сангийн яаманд даалгасугай.

5.Энэ тогтоол гарсантай холбогдуулан Сайд нарын Зөвлөлийн "Хараагүй хүмүүсийн талаар авах зарим арга хэмжээний тухай" 1966 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 411 дүгээр тогтоолын 3 дугаар зүйл, "Нийгэм хангамжийн талаар авах зарим арга хэмжээний тухай" 1975 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 145 дугаар тогтоолын 9 дүгээр зүйл, 10 дугаар зүйлийн "б" заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

6.Энэ тогтоолыг 1992 оны 6 дугаар сарын 1-нээс эхлэн дагаж мөрдсүгэй.

Монгол Улсын Засгийн газрын Тэргүүн шадар сайд Д.ГАНБОЛД

Монгол улсын Засгийн газрын Шадар сайд Д.ДОРЛИГЖАВ

/Засгийн газрын 2003 оны 256 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/