- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТҮЛШ, ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮЙЛДВЭРҮҮДИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ТҮЛШ, ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮЙЛДВЭРҮҮДИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
2006 оны 6 дугаар сарын 21-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 141
Түлш, эрчим хүчний үйлдвэр, компаниудын хооронд олон жил хуримтлагдсан өр, авлагыг багасгаж, санхүү хөрөнгийн чадавхийг дээшлүүлэн тэдгээрийн найдвартай ажиллагаа, эрчим хүчний хангамжийг сайжруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Цахилгаан түгээх болон дулааны сүлжээ компаниудаас Дулааны цахилгаан станцуудад төлөх 2001 оноос өмнө үүссэн эх үүсвэргүй 17.5 тэрбум төгрөгийн өрийг нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын дагуу дансны бичилт хийх замаар эрчим хүчний үйлдвэрүүд хоорондын өр, авлагын сүлжээг арилгах арга хэмжээ авахыг Сангийн сайд Н.Баяртсайхан, Түлш, эрчим хүчний сайд Б.Эрдэнэбат, Төрийн өмчийн хороо /Д.СУГАР/-нд зөвшөөрсүгэй.
2. Түлш, эрчим хүчний үйлдвэрүүдийн найдвартай, тогтвортой ажиллагааг хангах, салбарын үйлдвэрүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор дараахь арга хэмжээ авахыг Сангийн сайд Н.Баяртсайхан, Түлш, эрчим хүчний сайд Б.Эрдэнэбат нарт даалгасугай:
а/түлш, эрчим хүчний үйлдвэрүүдэд гадаадын зээл, тусламжаар хэрэгжсэн болон хэрэгжиж байгаа төслийн дамжуулан зээлдүүлэх гэрээний зээлийн хүү, төлөх хугацааг гадаад орон, олон улсын байгууллагуудтай байгуулсан үндсэн гэрээний хүүгийн түвшин, зээл төлөх хугацаанд ойртуулах чиглэлээр уг гэрээнд өөрчлөлт оруулан мөрдүүлэх;
б/Эгийн голын усан цахилгаан станц барих төслийн судалгаа хийх, зураг төсөл боловсруулах зориулалтаар Азийн хөгжлийн банкнаас авсан зээлийн дамжуулан зээлдэх гэрээнд тусгасан зээл болон хүүгийн төлбөрийг усан цахилгаан станц баригдаж ашиглалтад орох хүртэл хугацаагаар хойшлуулах;
в/ОХУ-аас импортоор авах цахилгаан эрчим хүчний чадлын захиалгын төлбөрт гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж байгааг хянаж зохицуулах арга хэмжээг авах;
г/2006 оны 1 дүгээр сарын 1-ний байдлаар эрчим хүчний үйлдвэрүүдэд төсөвт байгууллагуудын төлөх 928.4 /есөн зуун хорин найман сая дөрвөн зуун мянган/сая төгрөгийн цахилгаан, дулааны эрчим хүчний өрийг эрчим хүчний үйлдвэрүүдэд эхний хагас жилд төлж барагдуулах.
3. Увс, Ховд, Баян-Өлгий аймгийн цахилгаан түгээх сүлжээ компаниудад тухайн аймгуудын төрийн сангаас 2003, 2004 онд зээл хэлбэрээр олгосон боловч өнөөг хүртэл эргүүлэн төлж чадахгүй байгаа 412.0 (дөрвөн зуун арван хоёр) сая төгрөгийг /Баян-Өлгийд 90.0 сая, Ховдод 160.0 сая, Увсад 162.0 сая төгрөг/ 10 жилд багтааж төлүүлэхээр холбогдох цахилгаан түгээх сүлжээ компаниудтай төлбөрийн гэрээ байгуулах, цаашид өр, авлага үүсэхгүй байх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Увс, Баян-Өлгий, Ховд аймгийн Засаг дарга Л.Тогоо, О.Хабсатар, Г.Нямдаваа нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД
Сангийн сайд Н.БАЯРТСАЙХАН
Түлш, эрчим хүчний сайд Б.ЭРДЭНЭБАТ
Текст томруулах
A
A
A
