A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ТӨРИЙН ӨМЧИЙН ХОРОО БАЙГУУЛАХ ТУХАЙ

1996 оны 7 дугаар сарын 31-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 177

Монгол Улсын Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль хүчин төгөлдөр болж мөрдөгдөж эхлэж байгаатай холбогдуулан энэхүү хуулийн 10 дугаар зүйлд заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Засгийн газрын болон аймаг, нийслэлийн өмч хувьчлалын комиссууд, Сангийн яамны төрийн өмчийн байр ашиглалтын албыг нэгтгэн Сангийн яамны төрийн өмчийн газрын холбогдох зарим орон тоог шилжүүлэх замаар Төрийн өмчийн хороог байгуулж ажиллуулсугай.

2.Дор дурдсан арга хэмжээ авахыг Сангийн сайд П.Цагаанд даалгасугай:

а/Төрийн өмчийн хорооны бүтэц, зохион байгуулалт, дүрмийг боловсруулж батлуулах;

б/нийслэлийн өмчийн хороог байгуулж, аймгуудад төрийн өмчийн төлөөлөгчийг томилуулж ажиллуулах;

в/Төрийн өмчийн хорооны гишүүдийг томилуулах;

г/хууль хүчин төгөлдөр болж байгаатай холбогдуулан Засгийн газраас авах арга хэмжээний талаар санал боловсруулж шийдвэрлүүлэх;

д/хувьчилж үл болох төрийн өмчийн эд хөрөнгийн болон төрийн өмчөөс орон нутгийн өмчид шилжүүлэх эд хөрөнгийн жагсаалтын төслийг гаргаж, Засгийн газарт оруулж шийдвэрлүүлэх.

3.Төрийн өмчийн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, хамгаалах ажлыг Төрийн өмчийн хороонд хариуцуулах болсонтой холбогдуулан "Өмч хувьчлахтай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 1991 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 22 дугаар тогтоол, "Засгийн газрын Өмч хувьчлалын комиссын дүрэм, аппаратын цалингийн сангийн тухай" Засгийн газрын 1991 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 30 дугаар тогтоол, "БНМАУ-ын өмч хувьчлах тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 1991 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 169 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт, "Төрийн өмчийн аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 1994 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 178 дугаар тогтоол, "Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсэг болон бусад комисс, хорооны тухай" Засгийн газрын 1994 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 66 дугаар тогтоолын 5 дугаар зүйлийн "Засгийн газрын Өмч хувьчлалын комиссын бүрэлдэхүүнийг 2 дугаар хавсралтын;…."гэсэн хэсэг, "Тогтоолд өөрчлөлт оруулах тухай Засгийн газрын 1995 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 27 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН

Сангийн сайд П.ЦАГААН