A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

1991 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр

Улаанбаатар хот

ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХИЙН ТУХАЙ БНМАУ-ЫН ХУУЛЬ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

Хэвлэх

Энэ хуулийн зорилт нь иргэд хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлэх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлоо хамтран хамгаалах зорилгоор сайн дураараа чөлөөтэй эвлэлдэн нэгдэж үйл ажиллагаа явуулах эрхийг баталгаажуулж, энэ хүрээнд үүссэн нийгмийн харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай БНМАУ-ын хууль тогтоомж

Хэвлэх

Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай БНМАУ-ын хууль тогтоомж нь БНМАУ-ын Үндсэн хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан Монгол Улсын хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

/Энэ зүйлд 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

3 дугаар зүйл.Үйлдвэрчний эвлэлд эвлэлдэн нэгдэх эрх

Хэвлэх

1.Иргэд хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлэх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах зорилгоор аливаа зөвшөөрөл авалгүй, гагцхүү өөрсдийн сайн дурын үндсэн дээр ямар нэг ялгаваргүйгээр үйлдвэрчний эвлэлд чөлөөтэй эвлэлдэн нэгдэх эрхтэй.

2.Үйлдвэрчний эвлэлд гишүүнээр элсэх буюу гишүүнээс гарахыг тулган шаардаж болохгүй.

3.Үйлдвэрчний эвлэлийн гишүүн мөн эсэхтэй холбогдуулан иргэдийн эрх, эрх чөлөөг хязгаарлах буюу тэднийг ялгаварлан гадуурхахыг хориглоно.

4 дүгээр зүйл.Үйлдвэрчний эвлэлүүдийн бие даасан байдлыг хангах

Хэвлэх

1.Үйлдвэрчний эвлэлүүд нь мэргэжил, үйлдвэрлэлийн шинжээр байгуулагдаж үйл ажиллагаагаа хуулийн хүрээнд бие даан чөлөөтэй явуулна.

2.Үйлдвэрчний эвлэлүүд тэгш эрхтэй.

3.Үйлдвэрчний эвлэлүүд нь сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдэж холбоо байгуулах, олон улсын үйлдвэрчний эвлэлүүдийн нэгдэлд гишүүнээр элсэх эрхтэй.

4.Үйлдвэрчний эвлэлүүд болон тэдгээрийн холбоод хуулийн этгээдийн эрх эдэлнэ.

41дүгээр зүйл.Үйлдвэрчний эвлэлийг бүртгэх

Хэвлэх

1.Үүсгэн байгуулагч нь үйлдвэрчний эвлэлийг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай өргөдлөө хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргана.

2.Өргөдөлд дараахь баримт бичгийг хавсаргана:

1/үйлдвэрчний эвлэлийн нэр, байрлаж байгаа газрын нэр, үйлдвэрчний эвлэлийн бүтэц, зохион байгуулалтын мэдээ;

2/үйлдвэрчний эвлэлийн дүрэм;

3/үүсгэн байгуулсан гишүүний бүртгэл;

4/хөрөнгийн эх үүсвэрийн тухай мэдээ.

3.Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан өргөдөл, баримт бичгийг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хянан үзээд үйлдвэрчний эвлэлийг 14 хоногийн дотор улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгоно.

4.Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага үйлдвэрчний эвлэлийг бүртгэхээс татгалзвал энэ тухай үндэслэл бүхий шийдвэр гаргана.

/Энэ зүйлийг 1993 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар нэмсэн ба 2003 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон /

42дугаар зүйл.Үйлдвэрчний эвлэлийг бүртгэхтэй холбогдсон шийдвэрийн талаар гомдол гаргах

Хэвлэх

1.Үүсгэн байгуулагч нь үйлдвэрчний эвлэлийг бүртгэх талаар гарсан шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо шүүхэд гаргана.

2.Шүүх гомдлыг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ. Энэ нь эцсийн шийдвэр болно.

/Энэ зүйлийг 1993 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар нэмсэн ба 2003 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

43дугаар зүйл.Үйлдвэрчний эвлэлийг улсын бүртгэлд бүртгэх

Хэвлэх

1.Үүсгэн байгуулагч нь үйлдвэрчний эвлэлийг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай өргөдлөө Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу хуулийн этгээдийн улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргана.

2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан өргөдөл, бусад шаардлагатай баримт бичгийг хуулийн этгээдийн улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хянан үзээд, шаардлага хангасан бол үйлдвэрчний эвлэлийг ажлын хоёр өдрийн дотор улсын бүртгэлд бүртгэнэ.

3.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага үйлдвэрчний эвлэлийг бүртгэхээс татгалзвал энэ тухай үндэслэл бүхий шийдвэр гаргана.

/Дээрх 43дугаар зүйлийг 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн/

44дүгээр зүйл.Үйлдвэрчний эвлэл тарах, үйл ажиллагаагаа зогсоох

Хэвлэх

Үйлдвэрчний эвлэл сайн дураараа тарах буюу бусад үйлдвэрчний эвлэлд нэгдэж үйл ажиллагаагаа зогсоож болно. Энэ тухай улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад 10 хоногийн дотор мэдэгдэнэ.

/Энэ зүйлийг 1993 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ зүйлд болон зүйлийн дугаарт 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

45дугаар зүйл.Үйлдвэрчний эвлэлийг бүртгэлээс хасах

Хэвлэх

Үйлдвэрчний эвлэл Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад акт болон өөрийн дүрмийг зөрчсөн нь шүүхээр тогтоогдож, энэ нь түүний үйл ажиллагааг зогсоох үндэслэл болохоор байвал улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага түүнийг улсын бүртгэлээс хасна.

/Энэ зүйлийг 1993 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ зүйлд болон зүйлийн дугаарт 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

5 дугаар зүйл.Үйлдвэрчний эвлэлүүдийн үндсэн эрх

Хэвлэх

1.Үйлдвэрчний эвлэлүүд нь хөдөлмөрийн харилцаатай холбогдсон үйл ажиллагаа явуулахдаа дор дурдсан үндсэн эрх эдэлнэ:

1/захиргаа, эзэдтэй хэлэлцээ хийж хамтын болон бусад гэрээ байгуулах, түүний биелэлтэд хяналт тавих;

2/хөдөлмөрийн маргаан хянан шийдвэрлэх байгууллагад гишүүдийнхээ эрх ашгийг төлөөлөн хамгаалах;

3/хөдөлмөрлөх эрхтэй холбогдсон БНМАУ-ын хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгаж, тэдгээрийг сахин биелүүлэхийг захиргаанаас шаардах;

4/хөдөлмөрлөх эрхийг хохироосон захиргааны шийдвэрийг түдгэлзүүлэн зогсоохыг болон өөрчлөх, хүчингүй болгох, гэрээг цуцлахыг шаардах;

5/хөдөлмөрлөх эрхийг хамгаалахтай холбогдсон аливаа асуудлаар гишүүд, ажилтны санаа, бодол, эрэлт хэрэгцээг судлан захиргаанд шаардлага тавих, мэдэгдэл гаргах, зохих байгууллагад төлөөлөх;

6/гишүүд, ажилтныхаа зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоолгохоор шүүхэд төлөөлөн нэхэмжлэл гаргах;

7/хөдөлмөрлөх эрхтэй холбогдсон аливаа асуудлыг хөдөлмөрчдөөр хэлэлцүүлэхийг санал болгох буюу гишүүдээрээ бие даан хэлэлцүүлэг зохион байгуулах;

8/үйл ажиллагаагаа явуулахад шаардлагатай мэдээллийг захиргаанаас гаргуулан авах;

9/БНМАУ-ын хууль тогтоомжид заасан журмаар жагсаал, цуглаан, ажил хаялт зохион байгуулах;

10/БНМАУ-ын хууль тогтоомжид заасан бусад эрх.

2.Тухайн байгууллагад хоёр, түүнээс дээш үйлдвэрчний эвлэл байвал тэдгээр нь тохиролцож, хамтарсан төлөөлөгчид томилон захиргаа, эзэдтэй хамтын нэг гэрээ байгуулна.

Бусад тохиолдолд хамтын гэрээг нийт ажилтны төлөөлөгчид захиргаатай байгуулж болно.

3.Энэ зүйлийн нэг, хоёр дахь хэсгийн заалтууд үйлдвэрчний эвлэлийн орон нутгийн болон улсын хэмжээний холбоодод нэг адил хамаарна. /Энэ тохиолдолд "захиргаа" гэдэгт БНМАУ-ын төрийн гүйцэтгэн захирамжлах дээд, төв болон орон нутгийн байгууллагыг хамааруулан ойлгоно/

4.Үйлдвэрчний эвлэлүүдийн улсын хэмжээний нэгдсэн холбоо /хэд хэдэн холбоо байвал тэдгээрийн төлөөлөгчид/ нь БНМАУ-ын Засгийн газар, эздийн улсын хэмжээний байгууллагатай нийгмийн зөвшлийг хангах гурван талт хэлэлцээр байгуулж болно. Энэхүү хэлэлцээр байгуулах журмыг оролцогч талууд тогтооно.

6 дугаар зүйл.Үйлдвэрчний эвлэлүүдийн үйл ажиллагааны болон түүний сонгуульт ажилтны эрхийн баталгаа

Хэвлэх

1.Үйлдвэрчний эвлэлүүдийг захиргааны журмаар тараах, үйл ажиллагааг нь зогсоох, мөшгин хавчих зэргээр үйл ажиллагаанд нь саад учруулахыг хориглоно.

2.Үндсэн ажлаасаа чөлөөлөгдөөгүй үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтныг өөрийн болон сонгосон хамт олных нь зөвшөөрөлгүйгээр өөр ажилд шилжүүлэх, захиргааны санаачлагаар ажлаас халах, түүнд сонгуульт үүрэгтэй нь холбогдуулан сахилгын шийтгэл оногдуулахыг хориглоно.

3.Үндсэн ажлаасаа чөлөөлөгдсөн үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтны сонгуулийн хугацаа дуусгавар болсон, түүнчлэн хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар сонгуульт үүргээсээ чөлөөлөгдсөн тохиолдолд захиргаа түүнийг хуучин ажилд нь эгүүлэн ажиллуулах буюу тухайн ажил байхгүй бол өөрийн нь зөвшөөрснөөр урьд авч байсан дундаж хөлс нь буурахааргүйгээр ажил олгоно.

4.Үйлдвэрчний эвлэл, түүний сонгуульт ажилтныг үйл ажиллагаагаа явуулах нөхцөл, бололцоогоор хангах асуудлыг хамтын гэрээнд тусгаж хэрэгжүүлнэ. Үндсэн ажлаасаа чөлөөлөгдсөн үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтанд хамтын гэрээ нийт ажилтны нэг адил хамаарна.

5.Үйлдвэрийн газар, байгууллагын захиргааны удирдах албан тушаалтан үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажлыг хавсран гүйцэтгэж болохгүй.

7 дугаар зүйл.Үйлдвэрчний эвлэлүүдийн санхүү, эд хөрөнгө

Хэвлэх

1.Үйлдвэрчний эвлэлүүд нь өөрөө санхүүжих зарчмаар ажиллана.

2.Үйлдвэрчний эвлэлүүдийн эд хөрөнгө нь гишүүдийн татвар, хандив, үйл ажиллагаагаа явуулахад шаардагдах бусад эд юмсаас бүрдэнэ.

8 дугаар зүйл.Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай олон улсын гэрээг сахин биелүүлэх

Хэвлэх

Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай БНМАУ-ын хууль тогтоомжийн заалт БНМАУ-ын олон улсын гэрээний заалттай зөрчилдвөл уг олон улсын гэрээний заалтыг баримтална.

9 дүгээр зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

Хэвлэх

1.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

10 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

Хэвлэх

Энэ хуулийг 1991 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

БНМАУ-ЫН БАГА ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ

БНМАУ-ЫН БАГА ХУРЛЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.ЧИМИД