- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨСВИЙН ЗАРДЛЫГ ХЭМНЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2008 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр
Дугаар 128
Улаанбаатар хот
ТӨСВИЙН ЗАРДЛЫГ ХЭМНЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Суурь бүтээгдэхүүний үнэ өссөнтэй холбогдуулан ажил, үйлчилгээний өртөг зардал нэмэгдэхээр байгааг харгалзан төсвийн байгууллагад зардал хэмнэх, оновчтой болгох замаар Улсын Их Хурлаас баталсан төсвөөс илүү зардал гаргахгүй байх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Үнэ өссөнтэй холбогдуулан хэмнэлт бий болгох замаар нэмэлт зардлыг санхүүжүүлэх зорилгоор дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг төсвийн ерөнхийлөн захирагч нарт үүрэг болгосугай:
а) 2008 оны Монгол Улсын төсвийн хуулийн хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулж, баталсан төсвөөс илүү зардал гаргахгүй байх зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэх;
б) албан тушаалын болон албан ажлын автомашин хэрэглэх нормативыг 20 хүртэл хувиар хэмнэх, долоо хоногт нэг өдөр албан тушаалын болон албан ажлын унааг хэрэглэхгүй байх журмыг хэвшүүлэх;
в) хотын дотор шатахуун бага зарцуулдаг автомашин хэрэглэх, төрийн байгууллагын үйлчилгээний автомашин болон нийтийн тээврийн автобусыг шингэрүүлсэн шатдаг хийн түлшинд шилжүүлэх арга хэмжээ авах;
г) төсвийн байгууллагад эргэлтийн хөрөнгө бэлтгэх нөөц бүрдүүлэх нормативыг батлан мөрдүүлж бараа, материалыг үр ашиггүй удаан хадгалах, хөрөнгө түгжигдэх явдлаас сэргийлэх.
2. Улсын Их Хурлаас баталсан 2008 оны Монгол Улсын төсвөөс илүү зардал гаргахгүй байх, хэмнэлтийн зарчмыг баримтлан, бололцоотой зардлыг хэмнэх, санхүүжүүлэх хугацааг оновчтой тогтоох замаар хөрөнгийн эх үүсвэрийг чөлөөлөх зэрэг дараахь арга хэмжээг авч ажиллахыг нийт төсвийн захирагч нарт даалгасугай:
а) сургууль, эмнэлгээс бусад төсөвт байгууллагад эд хөрөнгө худалдан авах зардлыг 50 хувиар, урсгал засварын зардлыг 20 хувиар бууруулах;
б) төв, суурин газрын төсвийн байгууллагуудад халаалтын хэмнэлтийн горим сонгох, цахилгаан, усыг хэмнэж, ариг гамтай зарцуулах;
в) гадаад албан томилолт, гадаад зочны зардлыг 30 хувиар бууруулах, Улсын Их Хурлын болон орон нутгийн хурлын сонгуулиуд болох гэж байгаатай холбогдуулан төрийн захиргааны байгууллагын дотоод албан томилолтыг багасгах;
г) электрон шуудан, интернетийн холбоо ашиглах замаар шуудан холбоо, бичиг хэргийн зардлыг 10-аас доошгүй хувиар хэмнэх;
д) дүрэмт хувцсыг гамтай хэрэглэж, эдэлгээний хугацааг уртасгах замаар хэмнэлт бий болгох, тодорхой салбаруудад дүрэмт хувцас хэрэглэхээс татгалзах, хугацааг түр хойшлуулах;
е) ажлын байрны ачааллыг жигдрүүлэн нягтруулж зарим орон тоог чөлөөлөх, чөлөөтэй орон тоонд томилгоо хийхгүй байх, 2008 оныг дуустал цалин, орон тоог нэмэгдүүлсэн шийдвэр гаргахгүй байх.
3. Төрийн өмчийн ашиглалтыг сайжруулах замаар хэмнэлт гаргаж, нэмэгдэл хуримтлал бий болгох, авлагаа барагдуулж, өрөө дарах замаар санхүүгийн байдлыг сайжруулах цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Төрийн өмчийн хороо (Д.СУГАР), төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн удирдлагад даалгасугай.
4. Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, төсвийн сар, улирлын хуваарьт шуурхай зохицуулалт хийж, төсвийн санхүүжилтийг оновчтой болгох арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Сангийн сайд Ч.Улаанд даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР
Сангийн сайд Ч.УЛААН
Текст томруулах
A
A
A
