A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

/Энэ хуулийн 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

1996 оны 5 дугаар сарын 28-ны өдөр

Улаанбаатар хот

ОЙ, ХЭЭРИЙГ ТҮЙМРЭЭС ХАМГААЛАХ ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

Хэвлэх

Энэ хуулийн зорилт нь ой, хээрийг түймрээс сэргийлэх, түймэртэй тэмцэх, унтраах, учирсан хохирлыг арилгахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Ой, хээрийг түймрээс хамгаалах тухай хууль тогтоомж

Хэвлэх

Ой, хээрийг түймрээс хамгаалах тухай хууль тогтоомж нь энэ хууль болон түүнтэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

ХОЁРДУГААР БҮЛЭГ
Ой, хээрийг түймрээс хамгаалах талаархи төрийн байгууллагын бүрэн эрх, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үүрэг

3 дугаар зүйл.Засгийн газрын бүрэн эрх

Хэвлэх

Засгийн газар ой, хээрийг түймрээс хамгаалах, түймэртэй тэмцэх талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/ой, хээрийг түймрээс хамгаалах талаар төрийн бодлогыг хэрэгжүүлэх;

2/түймэртэй тэмцэхэд шаардагдах техник хэрэгсэл болон бусад зүйлийн нормативыг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний онцлогтой уялдуулан тогтоож мөрдүүлэх;

3/түймрийн үед хүн хүч, техник хэрэгслийн дайчилгаа зарлах, явуулах журмыг батлах;

4/ой, хээрийн түймрийг унтраах ажилд оролцож буй иргэдийн хангамж, тэдгээрийн заавал эзэмшсэн байх зүйлийн жагсаалтыг батлах;

5/түймрийн улмаас байгаль орчинд учирсан хохирлыг арилгах, экологийн тэнцлийг хангах зорилгоор газар, ой, ургамал, амьтны баялгийг ашиглах хэмжээг хязгаарлах, зогсоох;

6/хуульд заасан бусад бүрэн эрх.

4 дүгээр зүйл.Төрийн байгууллагуудын бүрэн эрх

Хэвлэх

1.Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага ой, хээрийг түймрээс хамгаалах, түймэртэй тэмцэх талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

/Энэ заалтыг 1999 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар хүчингүй болгосон./

/Энэ заалтыг 1999 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар хүчингүй болгосон./

/Энэ заалтыг 1999 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар хүчингүй болгосон./

4/түймрээс учирсан хохирлын хэмжээг тогтоолгох, байгаль орчныг нөхөн сэргээх талаар улсын захиалга өгч судалгаа, шинжилгээний ажил гүйцэтгүүлэх, үр дүнг тооцож, хэрэгжүүлэх арга хэмжээ авах;

5/түймрийн аюултай үед хариуцсан нутаг дэвсгэртээ хамгаалалтын дэглэмдээ нийцүүлэн тодорхой үйл ажиллагаа явуулахыг хориглох эрхийг улсын тусгай хамгаалалттай газрын захиргаанд олгох;

6/цаг агаарын болон түймрийн цагийн байдлын тухай мэдээллээр холбогдох байгууллага, хүн амыг хангах;

7/хуульд заасан бусад бүрэн эрх.

2.Иргэний хамгаалалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага ой, хээрийг түймрээс хамгаалах, түймэртэй тэмцэх талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/энэ хуулийн З дугаар зүйлийн 3-т заасан журмын дагуу дайчилгаа явуулж, түймрийг унтраах арга хэмжээ авах;

2/иргэдийг түймрээс сэргийлэх, түймэртэй тэмцэх, унтраах арга ажиллагаанд сургах, нэгдсэн сургалт зохион байгуулах.

3.Гал түймэртэй тэмцэх байгууллага ой, хээрийг түймрээс хамгаалах, түймэртэй тэмцэх талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/ой, хээрийг түймрээс хамгаалах тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах;

2/түймрээс сэргийлэх зорилгоор тухайн бүс нутагт байгаль орчинтой харьцах тодорхой үйл ажиллагааг хязгаарлах, зогсоох;

3/онцгой болон хамгаалалтын бүсийн ойг цэвэрлэх, арчлах, шороон болон халз зурвас гаргах зэрэг түймрээс хамгаалах арга хэмжээний улсын захиалга өгч мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх;

4/түймрийн шалтгаан, нөхцөл болон хохирлыг тогтоох. /Энэ хэсгийг 1999 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар нэмсэн./

5 дугаар зүйл.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх

Хэвлэх

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нутаг дэвсгэртээ ой, хээрийг түймрээс хамгаалах, түймэртэй тэмцэх төлөвлөгөө, төсөв баталж, биелэлтэд хяналт тавина.

6 дугаар зүйл.Аймаг, нийслэл, сум, дүүрэг,баг, хорооны Засаг даргын бүрэн эрх

Хэвлэх

1.Аймаг, нийслэлийн Засаг дарга ой, хээрийг түймрээс хамгаалах, түймэртэй тэмцэх талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/түймрээс хамгаалах, түймэртэй тэмцэх төлөвлөгөөг хэрэгжүүлэх, шаардагдах зардлыг жил бүрийн төсөвтөө тусгах, багаж хэрэгсэл, хүнс, бусад зүйлийн байнгын нөөцийг Засгийн газраас тогтоосон нормативын дагуу бий болгон сэлгэж байх;

2/иргэдийг түймрээс хамгаалах, түймэртэй тэмцэх, амь бие, эд хөрөнгөө хамгаалах арга ажиллагаанд сургаж дадлагажуулах ажил зохион байгуулах;

3/хилийн цэргийн анги, салбартай хамтран улсын хилийн дагуух зурвасыг бий болгох, тэдгээрийг байнга сэргээх, цурав татах, ойн цэвэрлэгээ хийх;

4/түймэр гарсан үед бүрэн эрхийнхээ хүрээнд хүн хүч, техник хэрэгслийг дайчлан түймэр унтраах ажлыг шуурхай зохион байгуулах;

5/түймрийн хохирлыг арилгах арга хэмжээ авах, энэ зорилгоор ажлын хэсэг байгуулж ажиллуулах. /Энэ заалтаас 1999 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар "тогтоох" гэсэн үгийг хассан./

2.Сум, дүүргийн Засаг дарга ой, хээрийг түймрээс хамгаалах, түймэртэй тэмцэх талаар энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2, 4, 5-д зааснаас гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/түймрээс хамгаалах, түймэртэй тэмцэх төлөвлөгөөг хэрэгжүүлэх, шаардагдах зардлыг жил бүрийн төсөвтөө тусгах;

2/төмөр зам, хот хоорондын зам, иргэдийн өвөлжөө, хаваржаанд түймрийн хамгаалалтын зурвас хийлгэж , хүлээн авах;

3/нутаг дэвсгэртээ түймрийн аюултай үед эргүүл, харуул ажиллуулах;

4/түймэртэй тэмцэхэд дайчлах хүн хүч, тээврийн хэрэгслийн тоо хэмжээ, дайчилгааны дэс дараалал, хуваарийг түймрийн аюултай үеэс өмнө жил бүр гаргаж мөрдүүлэх;

5/ой, хээр аялах, жуулчлах, зугаалах, ан агнах, бугын эвэр түүх, мод бэлтгэх, ойн дагалт баялаг ашиглах болон бусад үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхэд байнгын хяналт тавьж, шаардлагатай тохиолдолд дээрх үйл ажиллагааг хязгаарлах, зогсоох.

3.Баг, хорооны Засаг дарга ой, хээрийг түймрээс хамгаалах, түймэртэй тэмцэх талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/түймрээс хамгаалах сурталчилгааг хүн бүрт хүргэж түймэртэй тэмцэх бэлтгэлийг хангуулах;

2/түймэртэй тэмцэх ажлыг нэн даруй зохион байгуулах, хүн хүч, техник хэрэгслийг дайчлах, түймэр гарсан тухай болон түймрийг унтраах ажлын явцыг дээд шатны Засаг дарга болон холбогдох бусад байгууллагад шуурхай мэдээлэх;

3/нутаг дэвсгэрээ айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагад хуваарилан хариуцуулж хяналт тавиулах;

4/түймрийн шалтгаан, гаргасан этгээд, хохирлыг тогтооход эрх бүхий байгууллагад дэмжлэг үзүүлэх.

7 дугаар зүйл.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үүрэг

Хэвлэх

1.Иргэн түймрээс хамгаалах, түймэртэй тэмцэх талаар дараахь үүрэг хүлээнэ:

1/түймрийн аюултай үед түлсэн гал, асаасан шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах;

2/гэр, байшин, бэлтгэсэн өвс, худаг, малын хашаа, саравчны эргэн тойронд хамгаалалтын зурвас хийх;

3/айл өрх бүр үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийж, түймэр алдахгүй байх нөхцөлийг хангах;

4/түймрээс амь бие, эд хөрөнгөө хамгаалах, түймэртэй тэмцэх арга ажиллагааг эзэмшсэн байх, үр хүүхдээ түймрээс сэрэмжлүүлж сургах;

5/түймрийн аюултай үед эцэг, эх, асран хамгаалагч нь хүүхдийг ой, хээрт шүдэнз, асаагуур болон бусад гал үүсгэгчтэй явуулахгүй байх;

6/айл өрх бүр түймэр унтраах багаж хэрэгсэлтэй байх;

7/гарсан түймрийг унтраах ажиллагаанд иргэний журамт үүргийн дагуу оролцох, түймэр илрүүлсэн, түймрийн тухай мэдээ хүлээн авсан бол түүнийг унтраах арга хэмжээ авч Засаг дарга, бусад холбогдох байгууллагад яаралтай мэдээлэх.

2.Аж ахуйн нэгж, байгууллага түймрээс хамгаалах, түймэртэй тэмцэх талаар дараахь үүрэг хүлээнэ:

1/түймрээс хамгаалах, түймэртэй тэмцэхэд хүн хүч, тээврийн болон бусад хэрэгслийг гаргаж өгөх;

2/ой, хээрийг түймрээс хамгаалах тухай хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан шийдвэрийг биелүүлэх ажлыг үйл ажиллагааныхаа хүрээнд зохион байгуулах;

3/ой, хээрт мод бэлтгэх, эрэл, хайгуул, судалгаа, шинжилгээний ажил гүйцэтгэхдээ хууль тогтоомжид заасны дагуу зөвшөөрөл авсан байх, түймрийн аюултай үед дээрх болон аялал, зугаалга зэрэг үйл ажиллагаа явуулахдаа сум, дүүргийн Засаг даргаас зөвшөөрөл авч, түймэр гаргахгүй байх баталгаа өгөх;

4/галын аюултай бодис, шатах, тослох материалыг хэрэглэх, тээвэрлэх, хадгалах журам, горимыг чанд мөрдөх;

5/бүх төрлийн тээврийн болон өөрөө явагч хэрэгслийг галын аюулгүйн төхөөрөмжөөр тоноглох, ажилд гаргахдаа шалгаж байх;

6/түймрийн тухай мэдээ авсан, илрүүлсэн тохиолдолд өөрийн хүч хэрэгслэлээр түймэр унтраах арга хэмжээ авч, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга, холбогдох бусад байгууллага, албан тушаалтанд шуурхай мэдээлэх.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

бусад зүйл

8 дугаар зүйл.Түймрийн шалтгаан, гаргасан этгээд, учирсан хохирлыг тогтоох

Хэвлэх

1.Ой, хээрийн түймэр гарсан шалтгаан, буруутай этгээдийг тогтоох ажлыг цагдаагийн байгууллага хэрэгжүүлнэ.

2.Түймрээс учирсан хохирлыг зохих шатны Засаг даргын ажлын хэсэг түймэр унтарснаас хойш 30 хоногт багтаан тогтооно.

3.Ой, хээрийн түймрийн хор уршигт экологийн болон эд материалын хохирол, түймэртэй тэмцэхэд гарсан шууд болон шууд бус зардлыг оруулан тооцно.

4.Түймрийн хохирлыг тооцох журмыг Засгийн газар тогтооно.

9 дүгээр зүйл.Түймрийн мэдээ, тайлан

Хэвлэх

1.Бүх шатны Засаг дарга түймрийн цагийн байдлын тухай мэдээг дээд шатны Засаг дарга болон байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад өдөр тутам шуурхай мэдээлнэ.

2.Түймрийн талаархи мэдээ, тайланг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга хагас, бүтэн жилээр гаргаж иргэний хамгаалалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны болон байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад өгнө.

10 дугаар зүйл.Ой, хээрийн түймэртэй тэмцэх дайчилгааг зохион байгуулах

Хэвлэх

1.Бүх шатны Засаг дарга хүн хүч, техник хэрэгслийг дайчлан нутаг дэвсгэртээ гарсан түймрийг унтраах ажлыг шуурхай зохион байгуулах бөгөөд түүнтэй холбогдсон Засаг даргын шаардлагыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллага заавал биелүүлэх үүрэгтэй.

2.Түймэртэй тэмцэх дайчилгаанд 16 нас хүрээгүй хүн, 60-аас дээш насны эрэгтэй, 55-аас дээш насны эмэгтэй хүн, тахир дутуу болон архаг өвчтэй хүн, жирэмсэн эмэгтэй, асрамжлах хүнгүй, сургуулийн өмнөх насны хүүхэдтэй хүн, байнгын тасралтгүй ажиллагаатай / эмнэлэг, холбоо зэрэг/ газрын ээлжийн ажилтан хамрагдахгүй.

3.Улсын хил, аймаг, нийслэл, сум, дүүргийн нутаг дэвсгэр дамжсан орон нутгийн хүчээр унтраах боломжгүй түймэртэй тэмцэхэд цэргийн албан хаагч, цагдаагийн байгууллагын ажилтныг оролцуулах асуудлыг Засгийн газар шийдвэрлэнэ.

4.Түймэртэй тэмцэх ажилд дайчлагдсан иргэдийг хоол хүнс, бусад хангамж, тээврийн хэрэгсэл, багаж, шатахуунаар хангах асуудлыг дайчилгаа зохион байгуулж буй төрийн байгууллага, албан тушаалтан хариуцна.

11 дүгээр зүйл.Түймэр унтраах ажилд дайчлагдсан иргэн, төрийн албан хаагчийн үүргээ биелүүлэх баталгаа

Хэвлэх

1.Түймэр унтраах ажилд дайчлагдсан иргэн, төрийн албан хаагч түймэртэй тэмцэх иргэний журамт болон албан үүргээ гүйцэтгэж яваад эрүүл мэнд нь хохирсон, амь насаа алдсан тохиолдолд түүнд буюу ар гэрт нь дараахь тэтгэвэр, тэтгэмж, цалингийн зөрүү, зардлыг олгоно:

1/хөдөлмөрийн чадвараа түр алдсан бол эмнэлгийн чөлөөтэй байсан хугацааны тэтгэмж, авч байсан цалингийн зөрүү;

2/тахир дутуу болсон тохиолдолд тахир дутуугийн тэтгэвэр, авч байсан цалингийн зөрүү;

3/амь насаа алдсан тохиолдолд ар гэрт нь тэжээгчээ алдсаны тэтгэвэр, хохирогчийн авч байсан цалингийн зөрүү;

4/хиймэл эрхтэн хийлгэх бол түүний зардал.

2.Ой, хээрийн түймэртэй тэмцэж яваад амь насаа алдсан иргэн, төрийн албан хаагчийн оршуулгын зардлыг төр хариуцна.

3.Ой, хээрийн түймэрт дайчлагдсан иргэн, төрийн албан хаагч түймэртэй тэмцэж яваад амь насаа алдсан тохиолдолд түүний ар гэрт нь нэг удаагийн буцалтгүй тусламж үзүүлж болно. Тусламжийн хэмжээг Засгийн газар тогтооно.

12 дугаар зүйл.Санхүүжилт

Хэвлэх

1.Түймрээс хамгаалах арга хэмжээний зардлыг аймаг, нийслэл, сум, дүүрэг жил бүрийн төсөвтөө тусгана.

2.Ой, хээрийн түймрийн хор уршгийг арилгах зардлыг улсын төсвөөс гаргаж, түймэр гарсан шалтгааныг тогтоосны дараа түүнийг гэм буруутай этгээдээр зохих хууль тогтоомжийн дагуу нөхөн төлүүлнэ.

3.Түймрийн хор уршиг, хөнөөл ихэссэн үед энэ хуулийн З дугаар зүйлийн З-т заасан журмын дагуу дайчилгаа явуулахад гарсан зардлыг Засгийн газраас санхүүжүүлж болно.

13 дугаар зүйл.Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

Хэвлэх

1.Ой, хээрийг түймрээс хамгаалах тухай хууль тогтоомж зөрчсөн гэм буруутай этгээдэд зөрчлийн шинж байдал, хохирлын хэмжээг харгалзан эрүүгийн болон захиргааны хариуцлага хүлээлгэнэ.

2.Шүүгч, иргэний хамгаалалтын хяналтын улсын байцаагч, байгаль орчны хяналтын улсын байцаагч, цагдаагийн байгууллагын эрх бүхий ажилтан түймрээс хамгаалах тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол дор дурдсан захиргааны шийтгэл ногдуулна:

1/энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1,2,3,7, 2 дахь хэсгийн 1-6-д заасан үүрэг, 10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шаардлагыг биелүүлээгүй иргэнийг 1000-50000 төгрөгөөр, албан тушаалтныг 30000-60000 төгрөгөөр, байгууллага, аж ахуйн нэгжийг 150000-250000 төгрөгөөр торгох;

2/түймрийг унтраах, учирсан хохирлыг арилгахад төрөөс олгосон хөрөнгийг өөр зориулалтаар ашигласан албан тушаалтныг 30000-60000 төгрөгөөр, байгууллага, аж ахуйн нэгжийг 150000-250000 төгрөгөөр торгох.

3.Ой, хээрийг түймрээс хамгаалах, түймэртэй тэмцэхтэй холбогдсон үүргээ биелүүлээгүй Засаг даргад Төрийн албаны тухай хуульд заасан сахилгын хариуцлага ногдуулна.

14 дүгээр зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

Хэвлэх

Энэ хуулийг баталсан өдрөөс дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н.БАГАБАНДИ