- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2008 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр
Дугаар 148
Улаанбаатар хот
ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
"Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль"-ийн 9 дүгээр зүйл, "Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль"-ийн 55.1, 57.3, 57.4-ийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Төрийн өмчийн бүртгэл, хяналт шалгалтыг сайжруулахтай холбогдуулан дор дурдсан арга хэмжээг төсвийн ерөнхийлөн захирагч, ерөнхий менежерийн саналыг үндэслэн хэрэгжүүлж байхыг Төрийн өмчийн хороо (Д.СУГАР)-нд даалгасугай:
а) улсын төсвийн санхүүжилтээр бий болгосон болон гадаадын хандивлагч байгууллага, иргэд, хуулийн этгээдээс Монгол Улсын Засгийн газарт зориулж хэрэгжүүлсэн төсөл, зээл, тусламж, хандиваар бий болсон хөрөнгийг тоолж үнэлсний үндсэн дээр эзэмших этгээдийг тогтоож, бүртгэлд тусгаж байх;
б) улсын төсвийн хөрөнгө оруулалтаар орон нутагт бий болсон хөрөнгийн үнэ, өртөг, тоо хэмжээ, эзэмших орон нутгийн өмчит хуулийн этгээдийг тогтоож, бүртгэлд тусгаж байх;
2. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан хөрөнгийн үнэ өртөг, тоо хэмжээний тухай мэдээлэл, эзэмших этгээдийн талаархи саналаа бусад холбогдох материалын хамт тухай бүр Төрийн өмчийн хороонд ирүүлж байхыг төсвийн ерөнхийлөн захирагч, ерөнхий менежер нарт даалгасугай.
3. Улсын төсвийн санхүүжилт, хөрөнгө оруулалтаар барьж байгуулсан барилга, байгууламжийг байнгын ашиглалтад хүлээж авах улсын комиссын бүрэлдэхүүнд заавал Төрийн өмчийн хорооны төлөөллийг оролцуулж байхыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт үүрэг болгосугай.
4. Аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрээр төрийн өмчлөлд үнэ төлбөргүй шилжүүлсэн хөрөнгийг хүлээн авч төрийн өмчид бүртгэх асуудлыг тухай бүр зохих журмын дагуу шийдвэрлэж байхыг Төрийн өмчийн хороо (Д.СУГАР)-нд даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР
Сангийн сайд Ч.УЛААН
Текст томруулах
A
A
A
