- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨРИЙН ӨМЧИТ ХУВЬЦААТ КОМПАНИ БАЙГУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2008 оны 6 дугаар сарын 3–ны өдөр
Дугаар 233
Улаанбаатар хот
ТӨРИЙН ӨМЧИТ ХУВЬЦААТ КОМПАНИ БАЙГУУЛАХ ТУХАЙ
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9.5, Компанийн тухай хуулийн 2.5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Ховд аймгийн Дөргөн сумын Чоно харайхын гол дээр баригдаж байгаа усан цахилгаан станцын үйл ажиллагааг хариуцах "Дөргөний усан цахилгаан станц" хязгаарлагдмал хариуцлагатай компанийг шинээр үүсгэн байгуулж, түүнийг "Баруун бүсийн эрчим хүчний систем" төрийн өмчит хувьцаат компанийн охин компанийн хэлбэрээр ажиллуулсугай.
2. Говь-Алтай аймгийн Тайширын усан цахилгаан станц, Завхан, Говь-Алтай аймгийн нутаг дахь цахилгаан дамжуулах өндөр хүчдэлийн шугам, дэд станцууд, цаашид энэ системд холбогдох Говь-Алтай аймгийн Гуулин, Завхан аймгийн Богдын гол, Тосонцэнгэл, Завханмандал, Цэцэн-Уулын усан цахилгаан станцуудын үйл ажиллагааг хариуцсан "Алтай-Улиастайн эрчим хүчний систем" төрийн өмчит хувьцаат компанийг шинээр үүсгэн байгуулсугай.
3. "Алтай-Улиастайн дамжуулах сүлжээ", "Тайшир усан цахилгаан станц", "Гуулин усан цахилгаан станц", "Богдын гол усан цахилгаан станц", "Тосонцэнгэл усан цахилгаан станц", "Завханмандал усан цахилгаан станц", "Цэцэн-Уул усан цахилгаан станц" хязгаарлагдмал хариуцлагатай компаниудыг шинээр үүсгэн байгуулж, тэдгээрийг "Алтай-Улиастайн эрчим хүчний систем" төрийн өмчит хувьцаат компанийн охин компанийн хэлбэрээр ажиллуулсугай.
4. Шинээр үүсгэн байгуулагдаж байгаа дээр дурдсан төрийн өмчит хувьцаат компаниудад шилжих хөрөнгө, өглөг, өр төлбөр, өөрийн хөрөнгө, гаргах хувьцааны хэмжээ, төрийн өмчид бүртгэх асуудлыг зохион байгуулж хэрэгжүүлэхийг Төрийн өмчийн хороо (Д.СУГАР)-нд даалгасугай.
5. "Баруун бүсийн эрчим хүчний систем" төрийн өмчит хувьцаат компани, "Алтай-Улиастайн эрчим хүчний систем" төрийн өмчит хувьцаат компани болон түүний охин компаниудын дүрмийг боловсруулан Компанийн тухай хуулийн дагуу батлуулж, эрх бүхий байгууллагад бүртгүүлэн үйл ажиллагааг нь эхлүүлэх, мэргэжлийн боловсон хүчнээр хангах зэрэг арга хэмжээ авч ажиллахыг Түлш, эрчим хүчний сайд Ч.Хүрэлбаатар, Төрийн өмчийн хороо (Д.СУГАР)-нд даалгасугай.
6. "Алтай-Улиастайн эрчим хүчний систем" төрийн өмчит хувьцаат компани шинээр зохион байгуулагдаж байгаатай холбогдуулан Завхан, Говь-Алтай аймгийн эрчим хүчний үйлдвэрүүдийн харъяалал, зохион байгуулалтын асуудлыг судалж саналаа танилцуулахыг Завхан аймгийн Засаг дарга П.Гансүх, Говь-Алтай аймгийн Засаг дарга Р.Цогтбаатар, Түлш, эрчим хүчний сайд Ч.Хүрэлбаатар нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР
Түлш, эрчим хүчний сайд Ч.ХҮРЭЛБААТАР
Текст томруулах
A
A
A
