A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2009 оны 2 дугаар сарын 11-ний өдөр

Дугаар 45

Улаанбаатар хот

ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИ БАЙГУУЛАХ ТУХАЙ

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9.5, Компанийн тухай хуулийн 1.1-ийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Уран болон бусад төрлийн цацраг идэвхт ашигт малтмалын геологи хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд дангаар болон бусад хуулийн этгээдтэй хамтран оролцох, төрийн төлөөллийг зохих хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлэх үүрэг бүхий "Мон-Атом" төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийг байгуулсугай.

2. "Мон-Атом" төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрмийн санг бүрдүүлэхэд шаардлагатай 100.0 (нэг зуун) сая төгрөгийг Монгол Улсын 2009 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусган шийдвэрлэхийг Сангийн сайд С.Баярцогтод даалгасугай. /2-р зүйлийг ЗГ-ын 2009 оны 160-р тогтоолоор хүчингүй болсон/

3. Компанийн дүрэм, зохион байгуулалтын бүтцийг баталж, үйл ажиллагааг нь зохих журмын дагуу эхлүүлэх арга хэмжээ авахыг Төрийн өмчийн хороо (Д.Сугар), Цөмийн энергийн газрын дарга С.Энхбатад даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР

Монгол Улсын сайд, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Б.ДОЛГОР