A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2008 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр

Дугаар 23

Улаанбаатар хот

ТОГТООЛД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Төрийн тусгай хамгаалалтын талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 1995 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 127 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтын "Нэг" дэх хэсгийн 14 дэх заалтын дараа "15.Улсын ерөнхий прокурорын газар, Нийслэлийн прокурорын газар болон Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаны байр" гэж нэмсүгэй.

2. Улсын ерөнхий прокурорын газар, Нийслэлийн прокурорын газар болон Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаны байрыг 2009 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн төрийн тусгай хамгаалалтад авахыг Тагнуулын ерөнхий газрын дарга Р.Болдод даалгасугай.

3. Улсын ерөнхий прокурорын газар, Нийслэлийн прокурорын газар болон Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаны байрны хамгаалалтыг зохион байгуулахад шаардагдах 81.962.500 (наян нэгэн сая есөн зуун жаран хоёр мянга таван зуун) төгрөгийг 2009 оны улсын төсөвт тусган цаашид шаардагдах зардлыг жил бүр улсын төсөвт тусган санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд С.Баярцогтод даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР

Сангийн сайд С.БАЯРЦОГТ