A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2009 оны 3 дугаар сарын 9-ний өдөр

Дугаар 66

Улаанбаатар хот

ТҮР ХОРОО БАЙГУУЛАХ ТУХАЙ

"Санхүү, эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын 2009 оны 22 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ НЬ:

1. Улсын Их Хурлын 2009 оны 22 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Санхүү, эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэх Засгийн газрын онцгой үүрэг бүхий Түр хорооны бүрэлдэхүүнийг 1 дүгээр хавсралт, Түр хорооны ажиллах журмыг 2 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.

2. Түр хороо, ажлын хэсгийн 2009 оны үйл ажиллагааны зардалд шаардагдах нийт 6.0 (зургаан) сая төгрөгийг Сангийн сайдын төсвийн багцаас санхүүжүүлэхийг Сангийн сайд С.Баярцогтод зөвшөөрсүгэй.

3. Түр хороо, ажлын хэсгийг банк, санхүү, эдийн засгийн болон статистикийн үнэн зөв мэдээллээр саадгүй, шуурхай хангаж ажиллахыг Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга нарт даалгаж, Монгол банкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж, Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан нарт зөвлөсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР

Сангийн сайд С.БАЯРЦОГТ