- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨРИЙН ӨМЧИТ БОЛОН ТӨРИЙН ӨМЧИЙН ОРОЛЦООТОЙ ЗАРИМ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2009 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр
Дугаар 284
Улаанбаатар хот
ТӨРИЙН ӨМЧИТ БОЛОН ТӨРИЙН ӨМЧИЙН ОРОЛЦООТОЙ ЗАРИМ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Сангийн сайд С.Баярцогт, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Төрийн өмчийн хороо (Д.Сугар)-нд даалгасугай:
а) эрчим хүчний салбарын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудын гадаадын урт хугацаат зээлийн үндсэн өр болон зээлийн хүүгийн төлбөр төлөлтийн хугацааг 3 жилээр хойшлуулах асуудлыг судалж зохих журмын дагуу шийдвэрлэх;
б) түлш, эрчим хүчний салбарын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудын үйлдвэрлэл, техникийн найдвартай ажиллагааг хангах, эдийн засгийн үзүүлэлтийг сайжруулах зорилгоор тэдгээрийн гүйцэтгэх захиралтай төлөөлөн удирдах зөвлөлөөс байгуулах гэрээний нөхцөл, ажил дүгнэх шалгуур үзүүлэлтийг шинэчлэн боловсруулан баталж мөрдүүлэх;
в) Монгол Улсыг хөгжүүлэх сан болон улсын төсвийн санхүүжилтээр хөрөнгө оруулалт хийсэнтэй холбогдуулан түлш, эрчим хүчний компаниудын хоорондын өр, авлагыг бууруулах зохицуулалтын арга хэмжээ авах;
г) төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой түлш, эрчим хүчний компаниудын эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлж, үйл ажиллагааг нь сайжруулах чиглэлээр гадаад, дотоодын нэр хүнд бүхий компани, менежментийн багтай гэрээ байгуулах боломжийг судлан тодорхой санал боловсруулж танилцуулах.
2. Азийн хөгжлийн банкны урт хугацааны зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлсэн "Дулааны үр ашиг" төслийн үр дүнд бий болсон хөрөнгийн зарим хэсгийг эзэмшиж байгаа Улаанбаатар хотын Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын харьяа орон сууц, нийтийн аж ахуйн компаниудтай шинээр гэрээ байгуулж, уг зээлийг төлүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд С.Баярцогт, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр нарт даалгасугай.
3. Мэдээлэл, харилцаа холбооны салбарт гадаадын зээл, тусламжаар хэрэгжсэн болон хэрэгжиж байгаа төслийн дамжуулан зээлдүүлэх зээлийн хүүг бууруулах, эдгээр зээлийн төлбөрийг нэгдсэн нэг валютаар тооцох талаар холбогдох гэрээнд өөрчлөлт оруулах асуудлыг 2009 онд багтаан шийдвэрлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд С.Баярцогт, Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар Ж.Сансар, Төрийн өмчийн хороо (Д.Сугар)-нд даалгасугай.
4. Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, хүн амын эрүүл мэндийг хамгаалах зорилгоор зүү, тариур гадаадаас импортлохыг хязгаарлах, зүү тариурын үйлдвэрлэлд хэрэглэх тоног төхөөрөмж, түүхий эд, материалыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх талаар санал боловсруулж танилцуулахыг Сангийн сайд С.Баярцогт, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа нарт даалгасугай.
5. Харилцаа холбооны салбарт гадаадын урт хугацааны зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлсэн төслийн үр дүнд бий болсон хөрөнгийн зарим хэсгийг эзэмшиж байгаа "Монголын цахилгаан холбоо" ХК-тай шинээр гэрээ байгуулж, уг зээлийг төлүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд С.Баярцогт, Төрийн өмчийн хороо (Д.Сугар)-нд даалгасугай.
6. Дэлхийн банк болон Азийн хөгжлийн банкны урт хугацааны зээлийн санхүүжилтээр зам засвар, арчлалтын компаниудад хэрэгжүүлсэн тээвэр хөгжүүлэх төслийн үр дүнд бий болсон хөрөнгийн хэмжээгээр эдгээр компаниудын дүрмийн санг нэмэгдүүлэх асуудлыг 2009 онд багтаан зохих журмын дагуу шийдвэрлэхийг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, Төрийн өмчийн хороо (Д.Сугар)-нд даалгасугай.
Монгол Улсын Шадар сайд М.ЭНХБОЛД
Сангийн сайд С.БАЯРЦОГТ
Эрдэс баялаг, эрчим ХҮЧНИЙ САЙД Д.ЗОРИГТ
Текст томруулах
A
A
A
