A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2009 оны 10 дугаар сарын 14-ний өдөр

Дугаар 321

Улаанбаатар хот

ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД БОЛОН ИРГЭДИЙГ ОРОН СУУЦААР ХАНГАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Барилгын салбарт үүсээд байгаа санхүүгийн хүндрэлийг шийдвэрлэх, арилжааны банкуудын хөрвөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор гадаад, дотоодын зах зээл дээр 180.0 (нэг зуун наян) тэрбум хүртэлх төгрөгийн Засгийн газрын бондыг үе шаттайгаар арилжаалах замаар төрийн албан хаагчид болон иргэдэд олгох орон сууцны урт хугацаат зээлийн эх үүсвэр бүрдүүлэхийг Сангийн сайд С.Баярцогтод даалгаж, Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдоржид зөвлөсүгэй.

2. Барьж дуусган улсын комисст хүлээлгэн өгсөн орон сууцыг "Орон сууцны санхүүжилтийн корпораци" ХХК-иар дамжуулан төрийн албан хаагчдад урт хугацаатай зээлээр олгохыг Сангийн сайд С.Баярцогт, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр нарт даалгасугай.

(Энэ зүйлд 2010-03-17-ны өдрийн 65-р тогтоолоор өөрчлөлт орсон)

3. Засгийн газрын бондын арилжаалан төвлөрүүлсэн хөрөнгийн үлдэгдлийг арилжааны банкуудаар дамжуулан зөвхөн орон сууцны урт хугацаат зээлийн зориулалтаар иргэдэд олгох үйл ажиллагааг зохион байгуулахыг Сангийн сайд С.Баярцогт, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга нарт тус тус даалгаж, Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдоржид зөвлөсүгэй.

4. Энэхүү тогтоолын хэрэгжилтийг улирал тутам Засгийн газарт танилцуулж байхыг Сангийн сайд С.Баярцогт, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга нарт даалгасугай.

Монгол Улсын Тэргүүн

шадар сайд Н.АЛТАНХУЯГ

Зам,тээвэр,барилга,хот байгуулалтын сайд Х.БАТТУЛГА