- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТҮЛШ, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН 2010-2011 ОНЫ ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2010 оны 7 дугаар сарын 7-ны өдөр
Дугаар 188
Улаанбаатар хот
ТҮЛШ, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН 2010-2011 ОНЫ ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Түлш, эрчим хүчний салбарын 2010-2011 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд үндсэн болон туслах тоноглолын их засвар, техник зохион байгуулалт, хөрөнгө оруулалт, нүүрс нөөцлөх ажлыг төлөвлөсөн хугацаанд нь зохион байгуулан явц, үр дүнг сар бүр Засгийн газарт танилцуулж байхыг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Төрийн өмчийн хороо /Д.Сугар/-нд даалгасугай.
2. Энэхүү тогтоолын хавсралтад заасан эрчим хүчний зарим үйлдвэр, компанид олгох шаардлагатай байгаа татаасын тооцоог хянан Монгол Улсын 2011 оны төсвийн тухай хуульд тусган санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд С.Баярцогт, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт нарт даалгасугай.
3. 2010-2011 оны өвлийн их ачааллын үед дулааны цахилгаан станцуудад түлэх нүүрсний 20-иос доошгүй хоногийн нөөцийг бүрдүүлэх зорилгоор нүүрс тээвэрлэх вагоноор тасралтгүй, найдвартай хангах арга хэмжээ авч, тээвэрлэлтийн график, төлөвлөгөө гарган ажиллахыг Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулгад даалгасугай.
4. Төвлөрсөн дулаан хангамжтай зарим аймгийн төвийн дулааны станцын 2010-2011 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажил удаашралтай байгааг анхааралдаа авч, их засвар, хөрөнгө оруулалт, техник зохион байгуулалт, нүүрс нөөцлөх ажлыг хугацаанд нь чанартай хийж дуусгахыг Увс, Ховд, Сэлэнгэ, Дорноговь, Дархан-Уул аймгийн Засаг дарга нарт даалгасугай.
5. Аймгийн төв, сумдын эрчим хүчний үйлдвэрийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулж нүүрс нөөцлөх, түлш, шатахуун татан авах ажлыг зохион байгуулан өөрийн нутаг дэвсгэр дээр байгаа цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц, дулааны шугам, аваарийн болон сумдын дизель станцын засварыг графикт хугацаанд нь чанартай хийж дуусгахыг аймгийн Засаг дарга нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.ЗОРИГТ
Текст томруулах
A
A
A
